Дасгалжуулагч С.Тулга БНСУ-ын 3х3 сагсан бөмбөгийн тамирчдыг “хэт удаан, тэсвэр хатуужилгүй” гэснийг Солонгосын хэвлэл онцолжээ

Дасгалжуулагч С.Тулга БНСУ-ын 3х3 сагсан бөмбөгийн тамирчдыг “хэт удаан, тэсвэр хатуужилгүй” гэснийг Солонгосын хэвлэл онцолжээ

БНСУ-ын 3x3 сагсан бөмбөгийн холбоо Монголын 3x3 сагсан бөмбөгийн багтай энэ нэгдүгээр сарын 20 /2023.01.20/ -ны өдөр Олон Улсын солилцооны хөтөлбөрийг Улаанбаатар хотод зохион байгуулжээ.

Энэ үеэр сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга Солонгосын 3x3 сагсан бөмбөгийн багийн сул тал нь удаан, дэндүү тайван гэснийг тус улсын хэвлэл онцолсон байна. Тодруулбал, Улаанбаатар хотноо "2023 Korea X Mongolia 3x3 International Exchange" гэх хоёр холбоодын хооронд хамтарсан бэлтгэлийг зохион байгуулж, уг бэлтгэлд БНСУ-ын талаас KXO лигийн зургаан тоглогч болох Kwak Hee-hoon, Kim Min-seop, Noh Seung-jun, Park Min-soo, Ha Do-hyun, Han Joong-cheol нар оролцжээ.

2017 оноос хойш Монголын эрэгтэй 3х3 шигшээ багийг дасгалжуулж байгаа С.Тулга нь U23, U21, U18 зэрэг насны ангиллыг дасгалжуулж, Монгол Улсыг 3х3-ыг дэлхийн жишигт хүргэсэн хүн юм. Тэрбээр монголын талбайд бэлтгэл хийсэн Солонгос тамирчдыг чиглүүлж, тэдэнд өмнө нь харж байгаагүй өөр бэлтгэлийн арга барилаар дасгалжуулжээ.

Тэрбээр Солонгос тамирчдад хандан, "3х3-т хурд хамгийн чухал. Солонгос тоглогчдыг харахад тэд талбай дээр амарч дэндүү их цаг алддаг. Илүү хурдтай бай. Монгол тамирчдын тэсвэр хатуужил зүгээр ч нэг бий болоогүй. Үнэнийг хэлэхэд Монголын тамирчид бие бялдрын хувьд Солонгосоос хамаагүй дээр. Хүч чадалтай. Харин солонгос тоглогчид ур чадвар сайтай. Гэхдээ 3х3 бол ур чадварын тоглоом биш. Биеийн хүчийг илүү хөгжүүлэх хэрэгтэй" гэж зөвлөжээ.

Мөн "Солонгосын шигшээ багийг олон улсын тэмцээнд зөндөө харсан. Гэхдээ тэд хэтэрхий удаан. Хэтэрхий тайван. Огтхон ч хатуу чанга биш. Монгол тамирчид эхэндээ тайван байсан. Гэхдээ энэ ялалт авчрахгүй. Тулаанч болох ёстой” гэсэн байна. Өмнөд Солонгосын талаас манай багийг онцлохдоо “Монгол бол 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийд дээгүүрт ороход ойрхон байгаа Ази тивийн баг. Энэ нь тус солилцооны хөтөлбөрийн ач холбогдол юм” гэсэн байдаг.

Эх сурвалж: Rookie.ko.cr