УИХ дахь АН-ын бүлгээс “Эвлэрлийн ажлын хэсэг” байгуулж, өнгөрөгч Баасан гараг /2023.01.13/-т тус намын ҮБХ-ны хурлыг хийж, маргааш /2023.01.19/ “АН-ын даргыг сонгох” хурлаа хийхээр болсон.
Маргааш болох хурлаар тодрох АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, С.Баярцогт, З.Нарантуяа нарын 5-6 хүн өрсөлдөнө гэдгээ уламжилсан гэх мэдээлэл бий. Харин гол өрсөлдөөн Л.Гантөмөр, С.Баярцогт нарын дунд болох талаар төлөвтэй байгаа аж.
Иймд өчигдөр /2023.01.17/ Л.Гантөмөр, С.Баярцогт нар С.Эрдэнэ болон Х.Баттулга нартай тус тусад нь уулзсан байна.
Тодруулбал, тэдний С.Эрдэнэтэй хийсэн уулзалтын үеэр С.Эрдэнэ “та нарт юу байгаа юм, юу ч байхгүй юмнууд” гэсэн утгатай үг хэлж, бухимдаж байжээ. Харин Х.Баттулгатай хийсэн уулзалтын үеэр тэрээр, “Маргааш хийх хурлаа боль, С.Эрдэнэ бид хоёрын байгуулсан хэсэгт орж ир. Би ирэх сарын 18 /2023.02.18/-нд их хурал зарласан, тэр хуралд оролц” гэсэн утгатай үг хэлж, дарамталж байж болзошгүй үйлдлийг илэрхийлж байжээ. Харин тэдний уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Л.Гансүх оролцсон гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Л.Гансүх энэ уулзалтын үеэр “Ардчилсан монгол нам” байгуулаад тусдаа гарсан ч яахав гэсэн утгатай зүйл ярьсан байсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.