Монгол Улс түүхэндээ анх удаа шайбтай хоккейн ДАШТ-ийг зохион байгуулна

Монгол Улс түүхэндээ анх удаа шайбтай хоккейн ДАШТ-ийг зохион байгуулна

Шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Степпе Арена” мөсөн өргөөнд 2023 оны гуравдугаар сард болох талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Финланд улсад 2022 оны зургадугаар сард Олон улсын мөсний хоккейн холбооны Их хурлаар шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-ийг Монгол Улсын нийслэлд зохион байгуулах шийдвэр гаргаж, зарласан байна. Иймээс Монгол Улс түүхэндээ анх удаа хоккейн ДАШТ-ийг Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан, дөрвөн улирлын “Степпе Арена” ордонд 2023 оны гуравдугаар сарын 23-26-нд зохион байгуулахаар болжээ. Шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д Монгол, Филиппин, Кувейт, Индонези улсын шигшээ багууд өрсөлдөх бөгөөд мөн Азийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээн буюу Ази, Номхон далайн улс орнуудын 18 нас хүртэлх өсвөр насны залуучуудын шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 3 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд “Степпе Арена”-д явагдаж шилдгүүдээ тодруулах юм.