П.Сайнзориг: Жагсаалыг зохион байгуулж байгаа болон оролцож байгаа иргэдэд тараах сануулгыг хоёр цагийн хэмжээнд хийнэ

П.Сайнзориг: Жагсаалыг зохион байгуулж байгаа болон оролцож байгаа иргэдэд тараах сануулгыг хоёр цагийн хэмжээнд хийнэ

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус үйл явдалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Тайван жамаар хийх жагсаал цуглааныг хүндэтгэж байна. Гэхдээ өнөөдрийн жагсаал Үндсэн хуулийн дагуу бүртгэл хийгдээгүй, аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдүүлээгүй байна. Энэ эрхийг хуулийн хүрээнд хийхийг уриалж байгаа юм. Өнөөдөр харамсалтай нь энэхүү тайван жамаар жагсаал цуглааныг хийх үеэр далимдуулж нийгмийн журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурах, жагсаал цуглааны зорилгыг өөрчлөх, ийм сэдэл санаа ажиглагдаад байна. Тухайлбал, Нүүрсний хулгайд шалгагдаж байгаа "Эрдэнэс Тавантолгой" компанийн өмнөх удирдлагууд өмнөх алба хаагчдаа олон нийтийн сүлжээгээр жагсаалд оролцохыг уриалж байна. Мөн бага насны хүүхдийг татан оролцуулах, төрийн эрхийн хууль бусаар авах гэмт хэргийн шинжийн үйлдэл байна. Гацуурыг шатаасан. Замыг хааж бусад иргэдийн эрхэнд халдаж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд мөн жагсаалд орж байна. Ар гэрийнхэн, асран хамгаалагчид нь анхаарахгүй бол эмх замбараагүй байдал үүсэх, хатуу биет шидэх байдал гарч байгаа тул гэмтэх хохирох байдал үүсэж болзошгүй байна. Энэ жагсаал төрийн тусгай объект руу халдаж байгаа тул хуулийн дагуу жагсаал цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг Даргын захирамж гарлаа. Энэ захирамжид албадан тараахаас гадна зохион байгуулж байгаа болон оролцож байгаа иргэдэд тараах уриалгыг хоёр цагийн хэмжээнд хийнэ” гэв.