ВИДЕО: Гэрийн тооноор нь гал дүрэлзэж, хүүхэд уйлж байх үед "Бид хүүхдийг л аваръя" гэж бодоод гэмтсэнээ ч мэдээгүй

ВИДЕО: Гэрийн тооноор нь гал дүрэлзэж, хүүхэд уйлж байх үед "Бид хүүхдийг л аваръя" гэж бодоод гэмтсэнээ ч мэдээгүй

Улаан гал дүрэлзсэн нурах гэж буй байшин гэрээс хүн аварч буй явдал кино болон зохиолд олонтоо гардаг. Харин бодит амьдрал дээр эл явдал цөөн байх ч ихэвчлэн мэргэжлийн эсвэл насанд хүрэгсэд энэхүү зоригт шийдвэрийг гаргасан байдаг билээ. Тэгвэл шатаж буй цоожтой гэрээс дөрвөн настай хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгаалсан 13 настай сайхан сэтгэлт монгол хөвгүүдийн бид энэ удаагийн Social ID буландаа онцлон ярилцлаа.

ВИДЕО:

Дээрх явдал өнгөрсөн аравдугаар сарын 25-ы өдөр болсон бөгөөд ус авахаар явж байсан хөвгүүд хөрш айлынх нь гэр шатаж буйг хараад, эргэлзэлгүйгээр цоожийг нь эвдэж, амь нас нь дээсний дөрөөн дээр байсан дөрвөн настай балчрыг аварчээ. Хөвгүүд энэ тухай ярихдаа “хүүхэд уйлж гэр дотроосоо дүрэлзэн асаж байхыг хараад “Хүүхдийг л аваръя” гэж бодсон. Хаалганы цоожийг эвдэж байхдаа сандарсан байсан учир бэртэж байгаагаа ч анзаараагүй. Хэдийгээр айж байсан ч хаалгыг эвдэж таталт өгч байсан жоохон хүүхдийг аваад гарах үед гэр нурсан” хэмээсэн юм. Иймд хүүхдүүдийн энэхүү баатарлаг үйлийг мялааж, тэднийг Хөвсгөл аймгийн дээд шагнал "Хөвсгөлийн од медалиар шагнасан" билээ. Ингээд энэхүү үйл явдлын эзэн 13 настай Б.Энхбаяр болон 14 настай Б. Буянбаяр нарын ярилцлагыг хүргэе.

-ГАЛ ТООНООР ГАРЧ, ГЭРИЙН БҮРЭЭС ШАТАЖ ЭХЭЛЖ БАЙСАН. ТЭР ҮЕД УЙЛЖ БАЙСАН ХҮҮХЭД ЧИМЭЭГҮЙ БОЛСОН УЧИР АЙЖ БАЙСАН Ч БИДЭНД ХҮҮХДИЙГ Л АВРАХ ТУХАЙ БОДОГДСОН-

-Сайн байцгаан уу. Юуны түрүүнд зориг гарган хүний алтан амь аварсан та хоёртоо халуун баяр хүргэе. Манай үзэгчдэд өөрсдийгөө танилцуулаач?

-Сайн байцгаан уу. Намайг Болдсайханы Энхбаяр гэдэг. Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЕБС-ийн 8-А ангийн сурагч. Одоо 13 нас хүрч байгаа. Харин намайг Баярсайханы Буянбаяр гэдэг. Би 8-Б ангид сурдаг. Би одоо 14 настай.

-Дөрвөн настай хүүхдийн амийг авран хамгаалсан сайхан үйл бүтээсэн байна. Тухайн үед болсон явдлын талаар яривал?

-Тэр өдөр аравдугаар сарын 25-ы өдөр байсан. Бид хоёр гэртээ усаа аваад явж байсан юм. Тэр үед манай зүүн урд талын айлд юм дэлбэх чимээ гарсан. Хашааны зүг харахад гэрийнхэн тооноор нь утаа маналзаж, гал дүрэлзэж байсан. Тэгээд бид хоёр гүйн очиход гэр дотор хүүхэд уйлж байгаад чимээгүй болсон. Манай найз түлээгээр цохиж үзсэн боловч онгойгоогүй. Дараа нь өшиглөж үзсэн онгойгоогүй. Тэгээд би чулуугаар цохих үед онгойж, хүүхдийг авахаар орох үед шатаж байсан унь унаж, бид хүүхдийг тэврээд яаран гарсан.

-Та хоёрыг очих үед гэрийн шатаж буй байдал ямар харагдаж байсан бэ. Орохоос айсан уу? 

-Биднийг очиход, гал тооноор гарч, гэрийн гадна талын хаяаавч, бүрээс шатаж эхэлж байсан. Тэр үед жоохон хүүхэд уйлж, хаалгаа нүдэж байгаад чимээгүй болсон.

Тэр үед бид хоёрт "яаж ийгээд хүүхдийг л аваръя" гэж бодоод хаалганы цоожийг эвдэх гэж оролдохдоо гараа хадаасанд яарсан байсан ч тухайн үед сандарсан байсан учраас мэдээгүй байна лээ. Дараа нь аймар өвдөж байсан. Хэр удсныг ч сайн мэдэхгүй байна. Ямартай ч хаалгыг нь онгойлгоод ороход хүүхэд зүүн гараа дараад татсан байдалтай зуухныхаа урд хэвтэж байсан.

Гэр лүү нь яг орох үед үүдний шатсан унь унаж байсан. Хүүхдийг тэврээд дөнгөж гарангуут гэр нурсан. Үнэндээ тухайн үед гэр нь нурах вий. Унаж байгаа унинд даруулах вий гэж их айсан л даа. 

-ХҮҮХДИЙГ ГЭРЭЭС ГАРГААД БИЕД НЬ НААЛДСАН ТОРТОГЫГ ЦЭВЭРЛЭЭД ЗОГСОЖ БАЙХАД ЭМЭЭ ИРЖ ЦААШ ЭМНЭЛЭГ ЯВСАН-

-Аварсан хүүхэд таталт өгсөн байсан гэсэн шүү дээ. Яаж анхны тусламж үзүүлсэн бэ?

-Гэрээс нь гараад хүүхдийн биед наалдсан тортгуудыг аваад зогсож байх үед хүүхдийн эмээ нь ирж авсан. Дараа нь онцгой байдал, түргэн тусламж ирээд эмнэлэг авч явсан. 

-Үргэлжлэн асаж байсан галыг яаж унтраав? 

-Биднийг гадаа зогсож байхад хажуу айлын хүмүүс гарч ирж ус цацаж эхэлсэн. Тухайн үед нурсан гэрийн үлдэгдэл шатаж, гал байшингийн үзүүрээс асаж эхэлсэн. Тэр үед Буянбаяр эхлээд онцгой байдлын 70386056 руу залгасан боловч авахгүй байсан учраас70386057 руу залгахад авсан. Гал гарч байна гэж хэлэхэд “За одоо Онгой байдлын баг явууллаа” гэсэн. Тэгээд таван минутын дараа онцгой байдлын алба хаагчид ирж галыг бүрэн унтраасан. 

-АВАРСАН ХҮҮХДИЙН ААВ, ЭЭЖ НЭГ ӨДӨР ХИЧЭЭЛ ДЭЭР ИРЭЭД БАЯРЛАСАН ГЭДГЭЭ ХЭЛЭЭД БИД ХОЁРЫГ ШАГНАЖ МӨНГӨ ӨГСӨН-

-Хүүхдийн аав, ээж болон гэрийнхэн нь тухайн үед ирж амжаагүй гэж ойлголоо. Дараа нь та хоёртой уулзсан уу? 

-Тиймээ. Тэр үед байгаагүй. Дараа нь нэг өдөр хичээл дээр ирээд баярласан гэдгээ хэлээд бид хоёрыг "Сайн, мундаг хүүхдүүд байна. Маш их баярлалаа" гээд мөнгө өгсөн. 

-Харин гэрийнхэн юу гэсэн бэ. Галаас хүүхэд аварчхаад гэртээ очих үед? 

-Бид хоёрын гэрийнхэн яг тэр үед гэртээ байгаагүй. Оройн нь Буянбаярын ээж нь ирээд болсон явдал сонсоод тэр "Тэр жоохон хүүхдийн бие нь гайгүй юу. Чи гэмтээгүй биз дээ" гэсэн байна лээ. Харин намайг харихад эмээ "Миний хүү гайгүй биз дээ" гэж асуусан. 

-Галаас хүн авардаг кино, зохиол үзэж байсан уу. Та хоёрт гал асаж байгаа гэр лүү хүүхэд авахаар орох үед энэ талаар бодогдсон уу? 

-Яг бодоод үзсэн нэлээн их үзэж байсан юм байна лээ. Тэгээд хаалгыг эвдэж байх үед хэсэгхэн кино шиг санагдсан шүү. /хүүхдүүд бие бие рүүгээ харж инээв/

-Болсон явдлаас үүдэж гал сөнөөгч мэргэжилтэй болмоор санагдаж байна уу? 

-Харин бид хоёр тэр талаар жоохон бодож л байгаа. Гэхдээ аймар байсан л даа. Бас гоё санагдсан. 

-ГАЛ АСАЖ БОЛЗОШГҮЙ ЗҮЙЛСИЙГ ХҮҮХДЭЭСЭЭ ХОЛ БАЙЛГААРАЙ БАС ГАНЦААРАНГ НЬ БИТГИЙ ТҮГЖИЖ ОРХИОРОЙ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА-

-Гал гэдэг хэчнээн аюултай зүйл болохыг өөрсдийн биеэр харсан байна. Тэгэхээр энэ талаар төдийлөн мэддэггүй. анзаардаггүй найзууд болон ах эгч нартаа зориулж юу гэж хэлмээр байна? 

-Тиймээ. Их аюултай зүйл шүү. Тэгээд хүмүүс онцгой байдлын дугаарыг мэддэг байх шаардлагатай гэж бодож байна. Онцгой байдал, цагдаа, эмнэлгийн дугааруудыг цээжлэх хэрэгтэй. Хамгийн гол нь газ, бензин, тог цахилгаантай ойрхон ус, тогонд залгаатай буцалж буй халуун тогоо зэргийг хүүхдүүдээс хол байлгаарай гэж хэлмээр байна. Бас хүүхдээ гэрт нь ганцааранг нь битгий цоожилж яваарай. 

-Бидэнтэй ярилцсан мундаг дүү нартаа баярлалаа. Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе. 

-Та бүхэнд бас маш их баярлалаа. Баяртай.