МАН-ын ээлжит Бага хурал ирэх сарын 06 /2022.12.06/ -ны өдөр товлогдсон. Тэгвэл тус хурлын өмнө буюу ирэх арванхоёрдугаар сарын 01-ны өдөр Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал зарлагджээ. Тус хурлаар /НАМЭХ/ тэргүүнийг сонгох аж. Холбооны дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа тэргүүнийг сонгож, дүрмээ шинэчилдэг.
Энэ удаагийн хурлаар төв болон аймаг, дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны хурлыг мөн хийж тэргүүнийг шинэчлэх аж. Одоо тус холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажиллаж байна.
-ХОЛБООНЫ ОДООГИЙН ТЭРГҮҮН УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ “АЖЛАА ӨГӨХГҮЙ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙНА” ГЭЖЭЭ-
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Соёлын сайд Ч.Номинг НАМЭХ-ны тэргүүнд санал болгох тухай бид өмнө нь мэдээлсэн. Харин холбооны гишүүд болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг томилох хүсэлтэй байгаагаа дотооддоо ярилцаж байгаа аж.
Тодруулбал, тэд “Боловсролтой залуу хүнийг холбооны тэргүүнээр томилох саналтай байна. Энэ шалгуурт Х.Булгантуяа гишүүн нийцнэ” гэсэн бол зарим нь “Мөнгөтэй хүн томилох ёстой” гэх албан бус санал ч гаргажээ.
Гэхдээ МАН-ын онцлог нь намын удирдлагаас дэвшүүлсэн нэрийг дэмждэг онцлогтой билээ. Мөн одоогийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл нь тэргүүний ажлаа өгөхгүй, үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа хэлсэн гэх мэдээлэл байгаа юм.