Хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсний улмаас энэ оны эхний 10 сарын байдлаар найман хүн амь насаа алдаж, 126 гэмт хэрэгт 183 хүнийг холбогдуулан шалгагдаж байгаа талаар Хар тамхитай тэмцэх газраас мэдээлсэн. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүсийн 55 хувийг 25-аас доош насныхан эзэлж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг хэдийнээ "Үндэсний аюулгүй байдлын хэмжээ"-нд хүрснийг илтгэж байгаа юм.
Тэгвэл бид хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээ Монгол Улсад ямар байгаа түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сурвалжиллаа.
ВИДЕО:
Сүүлийн жилүүдэд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэж байгаа гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болжээ. Тэр ч байтугай жортой, жоргүй эмийг зориулалтын бусаар хэрэглэснээс судас нь бохирдож улмаар жилд 2-3 хүүхэд ГССҮТ-д хандаж, гар хуруугаа тайруулдаг байсан бол өдгөө сард 2-3 хүүхэд ханддаг болсон талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Товчхондоо сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг зарим залуучууд ихээр хэрэглэгдэж байна гэсэн үг юм. Тэгвэл бид нэг жил гаруйн хугацаанд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл судсаар тарьж мансуурч байгаа залуустай ярилцлаа.
-МАНСУУРУУЛАХ ТАРИАГ ЖОРГҮЙ ОЛГОДОГ ЭМИЙН САНГУУД БАЙДАГ. ТЭНДЭЭСЭЭ ХУДАЛДАН АВДАГ-
-Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл судсаар тарьж мансуураад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа гэсэн. Анх ямар шалтгаанаар хэрэглэж эхэлсэн юм бол?
-Тиймээ мансуурдаг болоод жил гаруйн хугацаа болж байна. Анх найз маань нэг удаа хэрэглээд үзчих гэж санал болгож байсан. Түүнээс хойш найзтайгаа уулзахгүйгээр өөрөө эмийн сангаас аваад хэрэглэдэг болсон.
-Эмийн сангаас авч хэрэглэдэг болсон гэлээ. Тухайн эмийн сангууд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг жоргүйгээр шууд олгодог гэж үү?
-Ихэнх эмийн сангууд жор нэхдэг. Гэхдээ жоргүй олгодог ч эмийн сангууд байдаг. Тэндээсээ авдаг.
-Хар тамхинд нэг удаа гэсэн зүйл байдаггүй гэдэг. Та хоёрын тухайд ч нэг удаа хэрэглээд л өнөөг хүртэл гарч чадахгүй байгаа гэсэн шүү дээ. Яагаад больж чадахгүй байна вэ?
-Хэрэглэж байгаа зүйлийнхээ хор уршгийг мэддэг ч гэлээ үүнийгээ хэрэглэхгүй л бол бие маш ихээр өвдөж, хөдлөх тэнхэлгүй болдог. Үнэхээр энэ зүйлийг тарихгүй бол болохгүй байх хэмжээнд хүрч өвддөг учраас хэрэглэхгүй байхыг хүссэн ч өөрийн эрхгүй тарьдаг. Яг үнэндээ ямар өвдөлт өгөөд байгаагаа өнөөдрийг хүртэл би яг хэлж мэдэхгүй байгаа.
-МАНСУУРУУЛАХ БОДИСЫГ “ГАНЦХАН УДАА” ҮЗЬЕ ГЭЭД ХЭРЭГЛЭСЭН Ч БИЕ СЭТГЭЦИЙН ХАМААРАЛТАЙ БОЛСОН БАЙСАН-
-Мансууруулах тариаг хийхгүй байхыг хүсдэг. Хор уршгийг нь мэддэг гэж байна шүү дээ. Тэгэхээр сэтгэцийн хувьд хэрэглэхгүй байхыг боддог ч бие организм нь шаардаад байдаг гэсэн үг үү?
-Тийм ээ. Бидний хувьд өөрсдөө энэ зүйлийг хэрэглэхгүй байя. Энэ зүйлд зарцуулж байгаа мөнгөө өөр хэрэгтэй зүйлдээ зарцуулдаг больё гэж мянга боддог боловч цаанаас нь бие организм маань нэхээд байдаг. Хамгийн ихдээ гурав хоног хэрэглэхгүй байж үзсэн. Гэсэн ч тэр үед яг л амьд үхтэл гэдэг шиг болж байсан. Тэгээд л өөрийн эрхгүй буцаад хэрэглэсэн.
-Та хоёрыг мансуурдаг гэдгийг гэр бүлийнхэн чинь мэдэх үү. Энэ тухайгаа хэлж байсан уу?
-Мэдэхгүй ээ. Хүү нь мансууруулах бодис хэрэглэдэг болсон гэж хэлэх нь бидний хувьд хэлэхээс ч ичмээр зүйл шүү дээ. Ер нь мансуурдаг хүүхдүүд гэр бүлдээ хэлж чаддаггүй. Хэлэхээсээ айдаг гэж бодож байна.
-ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ” ГЭСЭН Ч ХАРЬЯАЛЛЫН БИШ УЧРААС ХҮЛЭЭЖ АВЧ, ЭМЧИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ХЭЛСЭН-
-Мансууруулах бодис хэрэглэхгүй, тарихгүй байх талаар ямар арга хэмжээ авч байсан бэ. Эмнэлгийн байгууллагад хандаж үзсэн үү?
-Мансууруулах бодис хэрэглэж эхэлснээс хойш миний гар маш ихээр хавдах болсон. Тариа хийдэг хүмүүсийн судас үрэвсэж гараа тайруулдаг гэж сонсож байсан болохоор миний гар хавдаад эхэлсэн учир яг тайруулах нь. Тиймээс цагдаад мэдэгдсэн ч хамаагүй гээд бид хоёр энэ оны хоёрдугаар сараас эхлэн хэд хэдэн эмнэлгийн байгууллагад хандсан. Гэтэл ихэнх эмнэлгүүд “Ийм төрлийн эмчилгээ байхгүй. Чи эрүүл мэндийн даатгал төлдөггүй учраас үйлчлэх боломжгүй” гэж хэлж байсан. Харин Цэргийн төв эмнэлэг “Эмчлэх боломжтой” гэсэн хариу өгсөн. Гэтэл харьяаллын биш учраас хүлээж авч, эмчилгээ хийх боломжгүй гэж хэлээд гаргаж байсан. Мөн Шар хадны эмнэлэгт очиход “бас боломжгүй. Хүлээж авахгүй” гээд их муухай харьцсан. Хэдийгээр мансуурдаг болсон нь бидний буруу. Бид хэзээ ч ийм хэмжээнд хүрнэ гэж бодоогүй. Ганцхан удаа л хэрэглэж үзье гэж бодоод улмаар өөрийн эрхгүй бие, сэтгэцийн хамааралтай болсон байсан. Үүнийгээ мэдээд эмнэлгийн байгууллагад хандах ийм л хариулт сонссон. Тиймээс гэрээрээ хордлого тайлах эмчилгээг маш ихээр хийж үзсэн ч нэмэр болоогүй.
-Мэдээж бие организм, эрүүл мэндийн хувьд өөрчлөлт гардаг байх?
-Тийм ээ. Жижигхэн шалбархай үүссэн ч эдгэхгүй олон сар болдог, тэр нь үрэвсэж идээлдэг. Үс унаж, нүүр хөх өнгөтэй болдог юм билээ. Бас уруул ихээр хатаж, нүд улаан болдог болсон.
-Мансуурсан үеийнхээ үйлдлийг санадаг уу. Ер нь ямар үйлдэл гардаг бол?
-Яг л тэнэг хүн шиг байдаг. Хүний ярьж байгаа зүйлийг олгодоггүй. Хэрэглэхгүй байхдаа маш их уур уцаартай болж, ой тогтоол мууддаг.
-Мэдээллийг хаанаас авдаг юм бэ. Магадгүй мансуурдаг хүмүүсийн мэдээлэл солилцдог групп байдаг юм биш биз?
-Бидний мэдэж байгаагаар бол тийм зүйл байхгүй. Гэхдээ мансуурдаг хүний эргэн тойронд дандаа л мансуурдаг хүнээр хүрээлэгдсэн байдаг. Тэд нартайгаа л мэдээллээ хуваалцдаг. Бид хоёр мансуурдаг болсноосоо хойш хоёр найздаа бас хэрэглүүлж үзсэн. Тэр хоёр ч гэсэн одоо хэрэглэдэг болоод зовж байгаа.
-МОНГОЛ УЛСАД СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭЖ МАНСУУРДАГ МАШ ОЛОН ХҮН БАЙДАГ-
-Та хоёрын эргэн тойронд сэтгэцэд нөлөөлдөг эм бэлдмэл тарьж мансуурдаг хүн байгаа юу?
-Байгаа. Ер нь Монгол Улсад ийм хүн маш олон байдаг гэж бодож байна. Бид 2 энэ зүйлийг хэрэглэдэг учир ямар эм бэлдмэл мансууруулдаг гэдгийг мэддэг. Гэтэл тэдгээр эм бэлдмэлийн цаас, уут хаа сайгүй байж байдаг.
-Та хоёр үерхээд нэлээд хэдэн жил болж байгаа гэсэн. Залуу хүмүүсийн хувьд мэдээж үр хүүхэдтэй болно гэж боддог биз дээ?
-Тийм ээ. Боддог. Үр удмаа үлдээх нь хүн бүрийн хүсэл шүү дээ. Гэхдээ мансууруулах эм бэлдмэлийг маш ихээр хэрэглэж байгаа учраас хүүхдэд маань нөлөөлөх байх гэж айгаад хүүхэдтэй болж чаддаггүй. Мэдээж бид хоёрын хийсэн буруу зүйлээс болж үр хүүхэд маань зовох ёсгүй гэж боддог. Гэхдээ эмчилгээ хийлгээд хэрэглэхээ болихоороо хөөрхөн хүүхэдтэй болно.
-Мансуурсан үедээ нийгмийн харилцаанд орж байсан уу?
-Ер нь өөрсдийгөө нийгмээс тусгаарлачихдаг. Үүнийг хэрэглэснээсээ хойш найз нөхөдгүй болсон. Ангийнхантайгаа уулзахаараа ганцаардал мэдрээд байдаг. Гэтэл энэ маань зүгээр л сэтгэцийн хамааралтай болсны гаж нөлөө юм билээ.
-Үе тэнгийнхээ найзуудад хандаж хэлэх үг байгаа байх?
-Хэн нэгэн найз чинь мансууруулах зүйлийг ганцхан удаа хэрэглээд үзээч гэж зөвлөвөл хэзээ ч бүү хэрэглээрэй. Энэ зүйл хэзээ ч чиний амьдралд тус болохгүй. Хар тамхи мансууруулах бодист ганцхан удаагийн хэрэглээ гэж байддаггүй юм шүү. Нэг л удаа хэрэглэх юм бол хэзээ ч гарч чадахгүй болно. Харин үнэхээр хэрэглээд эхэлсэн хэн нэгэн байвал “Ямар ч аргаар хамаагүй яг одоо л энэ зүйлээсээ гарахыг хичээгээрэй” гэж л хэлмээр байна. Бид хоёр ч гэсэн гарахын төлөө хичээх болно.
-М.ЗОРИГТБААТАР: СУДСААР МАНСУУРУУЛАХ БОДИС ТАРЬСНААС СУДАС НЬ БОХИРДОЖ УЛМААР САРД 2-3 ХҮН ГАР ХУРУУГАА ТАЙРУУЛЖ БАЙНА-
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатараас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.
-Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгөөч?
-Хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсний улмаас энэ оны эхний 10 сарын байдлаар найман хүн амь насаа алдаж, 126 гэмт хэрэгт 183 хүнийг холбогдуулан шалгагдаж байна. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүсийн 55 хувийг 25-аас доош насныхан эзэлдэг. Ер нь сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөж байна. Ахуйн хэрэглээний газ гэх мэтийн зүйлийг зориулалтын бусаар хэрэглэж мансуурах, мөн хүн амын эмчилгээнд хэрэглэгдэж байгаа жортой болон жоргүй эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэж мансуурах тохиолдол залуучуудын дунд нэлээд их байгаа. Тиймээс Хар тамхитай тэмцэх хэлтсээс “Хасах 25” гэсэн төслийг нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлээд явж байна. Энэ оны эхний арван сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор 8 хүн нас барсан. Тэдгээр хүмүүс тун хэтрүүлснээс зүрх нь хаагдаж амь насаа алдсан.
-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон гэлээ. Ер нь энэ бүхний шалтгаан нөхцөл юу байна вэ?
-Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа нь хэд хэдэн шалтгаан нөхцөлөөс болдог. Тухайлбал, хүүхдийн суурь хүмүүжил, эцэг эхийн хайр халамж, гэр бүлийн уур амьсгал, суурь хүмүүжлийн асуудал, хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаа нь энэ төрлийн хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл болж байна. Нөгөөтээгүүр залуучууд эх сурвалжгүй мэдээлэлд итгэж, цахим сүлжээнээс хэрэглэх арга, шинж тэмдгийн талаарх мэдээллийг авч улмаар даган дуурайж, энэ төрлийн гэмт хэргийг хохирогч болж байна. Хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн хохирогч нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, удмын сангийн асуудал яригддаг. Гэтэл өнөөдөр 18 ,19 настай залуучууд удмын сангийн талаар ойлголт байхгүй. “Үндэсний аюулгүй байдал надад хамаагүй “гэдэг ч юм уу энэ талын суурь мэдлэг, хүмүүжил байхгүй учраас “Би өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө биеийг хордуулж байна. Бусдад ямар хамаатай юм бэ” гэдэг өнцгөөр ханддаг. Нийт хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүсийн 55 хувийг 25-аас доош насныхан эзлээд байгаа юм. Хамгийн бага нь 13 настай эмэгтэй хүүхэд хар тамхи хэрэглэж манай дээр 2019 онд баригдаж байсан.
-Ер нь мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүс чухам ямар төрлийн зүйл хэрэглээд мансуураад байна вэ?
-Нийт гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсээс аваад үзэхээр 80 орчим хувь нь өвс гэх нэршилтэй бодисыг хэрэглэдэг байгалийн гаралтай бодистой холбоотой асуудалд холбогдсон байдаг. Сүүлийн жилүүдэд эмийн тухай асуудал нэлээд бүртгэгдэж байна. Жортой жоргүй эмийг зориулалтын бусаар хэрэглэснээс судас нь бохирдож улмаар жилд 2-3 хүүхэд гэмтлийн эмнэлэгт гар хуруугаа тайруулдаг байсан бол одоо сард 2-3 хүн гар хуруугаа тайруулдаг болсон мэдээлэл бүртгэгдэж байна. Тэгэхээр энэ нь залуучуудын дунд өргөн хэрэглэгдэж байна гэсэн үг юм. Жортой эмийг үнэхээр тэр өвчтөн авах гэж байна уу, үгүй юу, эм зүйч жорын дагуу эмийг олгож байна уу, үгүй юу, хэн нэгэн хүүхэд олон давтамжтай эм аваад байгаа бол тэр өвчний зовиур байгаа болоод аваад байна уу эсвэл зориулалтын бусаар хэрэглэх гээд байна уу гэдгийг нягтлах хэрэгтэй. Түүнээс өөрийн ашиг орлогыг бодоод сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг замбараагүй зардаг байж болохгүй юм.
-Эмийн сангууд сэтгэцэд нөлөөлдөг жортой болон жоргүй эм, бэлдмэлийг шууд худалдан борлуулах явдал их байдаг талаар мэдээлэл байна. Танай байгууллага энэ асуудалд мэдээж хяналт шалгалт хийдэг байх?
-Тэгэлгүй яах вэ. Манай газраас Эрүүл мэндийн яамтай хамтраад санаатай болон санаандгүй байдлаар бусдад жортой болон жоргүй эмийг удаа дараа худалдан борлуулсан, ашиг хонжоо олсон газруудыг шалгаад энэ оны байдлаар гурван газарт хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Өнгөрсөн жил ч хэд хэдэн эмийн сангийн үйл ажиллагааг зогсоож, эм зүйчийн эрхийг хассан.
-Ер нь хүүхэд залуучууд өсвөр үеэ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болгохгүй байхад бид юунд анхаарах ёстой юм бэ?
-Хаа хаанаа л хариуцлагатай байх ёстой. Эцэг эхчүүд, багш нийгмийн ажилтнууд үүнд маш сайн хяналт тавих шаардлагатай байна. Мансуурна гэдгийг зөвхөн архи, тамхи гэдэг зүйлээр үнэртэхээ болих хэрэгтэй. Үнэхээр хэн нэгэнд сэжигтэй байдал ажиглагдвал өөрөө мэргэжлийн эмч биш, өөрөө мэргэжлийн цагдаа биш учир тухайн хүүхдийн асуудлыг шийдэх гэж битгий оролдоорой. Анхан шатанд нь эрт илрүүлэх тусмаа энэ донтолтын эмчилгээ үйлчилгээ үр дүнгээ өгдөг. Тиймээс сэжигтэй зүйл ажиглагдах л юм бол шууд мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатай байна. Хар тамхи мансууруулах бодисын донтолт буюу энэ мэдрэмж шарталтын асуудал архи, утаат тамхинаас 60-80 дахин их байдаг. Тэгэхээр энэ зүйлийг нэг удаа сороод сонирхоод үзчих юм бол бие сэтгэцийн хамааралтай болох асуудал 60-80 дахин их учраас өөрөө гарна гэдэг бол хэцүү. Ер нь дэлхий нийтийн хэмжээнд эмчилгээний зууны 5 хувь нь үр дүнгээ өгч байгаа. Хар тамхи мансууруулах бодист нэг удаагийн хэрэглээ гэж байхгүй нэг удаа хэрэглээд донтогч болно. Бие сэтгэцийн хамааралтай болно гэдгийг л ойлгох нь чухал юм.
-Өсвөр насны хүүхэд, залуучууд нэгнийгээ даган дуурайх байдлаар мансууруулах төрлийн зүйл хэрэглээд байх шиг байна. Энэ нь бодитой болов уу?
-Монгол Улсын хэмжээнд сүүлийн зургаан сарын хугацаанд бүртгэгдэж байгаа хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлаад үзэхээр ерөөсөө найз нөхдийгөө даган дуурайдаг, найзуудтайгаа гоё байх гэж оролддог, хэн нэгний буруу үгэнд итгэдэг. Энэ бол хар тамхи биш энэ бол хуулийн хариуцлага хүлээхгүй гэдэг байдлаар нэгнийхээ үгэнд ордог уруу татагддаг ийм л асуудал. Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлээр хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, худалдан борлуулсан тээвэрлэсэн ашиг хонжоо олсон, улсын хилээр давуулсан ийм байдлаасаа шалтгаалаад 2-20 жил, эсвэл бүх насаараа хорих ялтай байдаг. Гэтэл үүнийг хүүхэд, залуучууд маань ойлгохгүй, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.