Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг өчигдөр /2022.10.27/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар тус компанийн зарим удирдлагуудыг хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.
Харин Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл уржигдар /2022.10.26/ хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж эхлэхэд тэрээр, “би ажлаа өгөөгүй” хэмээн мэдэгдэж, нийгмийг эргэлзээнд оруулсан юм. Улмаар Б.Ганхуяг өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Д.Амарбясгалантэй уулзахаар төрийн ордонд явахдаа мэдээлэл өгч, “Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын Засгийн газар, ҮАБЗ, бусад газруудад танилцуулсан мэдээлэл нь илт гүтгэсэн тоон мэдээллүүд байсан” гэж мэдэгдсэн.
Ингээд удалгүй өөрийн твиттер хуудастаа “Д.Амарбаясгалан сайдтай ЭТТ-ийн БЭТ Ж.Ганбатын хамт уулзаж, ЭТТ ХК-ийн бүх эрхийг Засгийн газрын тогтоолын дагуу БЭТ Ж.Ганбатад шилжүүлсэн шүү. Ажилд нь амжилт хүсье” гэсэн мэдээллийг оруулсан.
Тэгвэл өчигдөр /2022.10.27/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуягтай богинохон хугацаанд уулзаад өрөөнөөс гаргасан гэх мэдээлэл байна. Харин үргэлжлүүлээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаттай уулзаад үлдсэн гэх мэдээлэл байна.