Хууль зүйн сайд Х.Нямбаатар Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах тухай хууль өргөн баригдсантэй холбогдуулж өнөөдөр /2022.10.28/мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Тэрбээр "АТГ-аас ирүүлсэн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаанд 3, хэрэгсэхгүй болгосон 1, хэргийг нь хаасан 1, шүүхийн шатанд 1, шүүхээр шийдвэрлэгдсэн 1 хэрэг байна. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр 50 хэрэг бий. Үүнээс мөрдөн шалгах ажиллагаанд 12, шүүхийн шатанд 2, шүүхээр шийдвэрлэгдсэн 3, хаасан 19, хэрэгсэхгүй болсон 14 хэрэг байна. Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монгол Улсад хөрөнгө оруулж хохирсон нийт 57 хэргийн 20-ыг нь хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийг дэлгэрэнгүй өгч болно гэсэн учир овог, нэрийг бүтнээр нь хэлье. Япон улсын иргэн Такахама Кеничи нь их хэмжээний мөнгөө залилуулсан гэх хэрэг бий. Монгол Улсын иргэн О.Болд нь Япон улсын иргэн Такахаматай Монгол Улсад ББСБ байгуулан хамтран ажиллахаар тохиролцож, Ориентал капитал, Ориентал инвест гэдэг компанийг байгуулсан. Ингээд зохиомол байдлыг бий болгон хуурамч данс, хуулга, санхүүгийн тайлан гарган япон улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөгийг залилсан. Хэргийг нээсэн огноо нь 2018 он. Хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангиар зүйлчлэгдэн яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр Болдод 6 жилийн хорих ял оногдуулсан. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа" гэв.
Мөн "Суруга Монгол" компанийн эзнийг манай иргэд залилж, хохироосон асуудлыг дурдлаа. Японы залилуулсан иргэн нутагтаа очоод компаниа дампуурснаа зарласан гэнэ. Улмаар төд удалгүй нас баржээ. Тиймээс хүүг нь хохирогчоор татахаар ажиллаж байгаа. Үүнээс гадна Их Британийн Ерөнхий сайдын дүү Макс Жонсон 19 сая ам.доллараа иргэн Буянтогтох гэж хүнд бэлнээр өгч хохирсон. Энэ хүн ТЕГ-ын дарга асан Н.Хурцтай ураг садны холбоотой хэмээх мэдээллүүдийг сайд Х.Нямбаатар дурдлаа. Энэ бүхэн дам байдлаараа бидэнд, манай улсад хохирол учруулна. ФАТФ үнэлгээ гаргахад нөлөөлнө гэсэн юм. Улмаар монголчууд шударгаар бизнес хийдэг гэх имиж бүрдүүлж, ажиллаасай гэсэн юм.