Өчигдөр /2022.10.26/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж, бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон.
Үүнтэй холбоотойгоор өнөөлөр /2022.10.27/ Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг үүрэгт ажлаа Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн юм.
Тэгвэл үдээс хойш тус компанийн зарим ажилчдын өрөө болон Б.Ганхуягийн сууж байсан албан өрөөнд хуулийнхан нэгжлэг хийж байна гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар тус компанийн хэвлэлийн төлөөлөгч О.Энхмаа болон бусад эх сурвалжаас тодруулахад "Манай зарим ажилчин өнөөдөр сунаж ажилласан. Энд ямар ч нэгжлэг, шалгалт болоогүй нөхцөл байдал тайван байна. Хуулийн байгууллагууд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн байранд ажиллаж байна гэдэг нь худал мэдээлэл" гэлээ.