Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2022.10.21/-т Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэтийн шийдвэр гаргаж, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилсон.
Харин өчигдөр /2022.10.26/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар “Эрдэнэс тавантолгой” /ЭТТ/ ХК-нд "онцгой дэглэм" тогтоосон бол өнөөдөр /2022.10.27/ тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, энэ сарын 05 /2022.10.05/-ны өдөр гарсан Засгийн газрын 362 дугаар тогтоолд үндэслэн "Эрдэнэс тавантолгой"-д хөдөлгөөн хийх нөхцөл бүрдсэн байгаа юм.
Тэгвэл Засгийн газрын 362 дугаар тогтоолоос харвал, Т.Аюурсайханд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг өгч, түүний сонгуулийн менежер Б.Ганхуягийг "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирлын ажлаас нь чөлөөлөх ажлыг аль эрт төлөвлөсөн бололтой.
Учир нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы сонгуулийн менежер хийж, түүнийг 2016 оны сонгуульд ялалтад хүргэж байжээ. Иймд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нөлөө, оролцоотойгоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Ганхуягийг томилогдсон байна. Харин Б.Ганхуяг олон жил тус албан тушаалыг хашихад УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нөлөө, оролцоо их байсан гэдэг.
Иймээс энэ сарын 05 /2022.10.05/-ны өдөр гарсан төлөвлөгөө өнгөрөгч долоо хоногт хэрэгжиж Т.Аюурсайханд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг өгч, оронд нь Б.Ганхуягийг "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирлын албан тушаалаас нь чөлөөлсөн бололтой.