УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны төсвийн төсвийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин ирэх онд айл, өрхүүдэд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлэх эсэх асуудлаар Эрчим хүчний яамны төлөөллөөс тодрууллаа.
Тодруулбал, тэрбээр "2017 онд бид гэр хорооллын өрхөд цахилгааны тариф үзүүлэх 192 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоол хүчинтэй байгаа юу. 2023 онд айл өрхүүдэд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх үү. Хэдэн төгрөгийг ирэх оны төсөвт тавьсан юм" гэлээ.
Харин Эрчим хүчний яамны дэд сайд М.Баярмагнай түүний асуултад хариулахдаа "Өнөөдрийг хүртэл шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлж ирсэн. Хуримтлагдсан шөнийн тарифын орлого 14.1, 2023 онд бид шаардагдах тооцооллыг 37.3 гэж төлөвлөн нийт 52.4 тэрбум төгрөгийг 2023 оны төсвийн төсөлд суулгах шаардлага байна. Хэрвээ энэ тогтоолыг үргэлжлүүлнэ гэвэл шүү дээ. Уг тогтоолыг агаарын бохирдлыг бууруулах, хэрэглээг зохистой харьцаанд тэнцвэржүүлэх зорилгын хүрээнд гаргасан, одоо хэрэгжиж байгаа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн аж, ахуй нэгжүүдийн цахилгааны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн. Хэрвээ байгууллагуудын цахилгааны үнэ нэмэгдвэл хөнгөлөлтийг үзүүлэхгүй байж болох юм. 2023 онд төсөв нь суугдахгүй бол энэ тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай. Манай улсын суурилагдсан хүчин чадал 1548 мегаватт байна. Энэ жил 1422 мегаваттын цахилгааны хүчин чадлыг хүлээж байна. Манай чадлын дутагдал 320 болон түүнээс дээш байна. Тиймээс ОХУ-аас 320 мегаватт цахилгаан импортлоно. Тиймээс эрчим хүчний нөөц хэрэгтэй байна. Манай эрчим хүчний хүчин чадлууд ямар ч бэлтгэлгүй байгаа" гэлээ.
ВИДЕО: