УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилсон. Тиймээс УИХ-ын дэд даргын албан тушаал одоогоор эзэнгүй байгаа юм.
Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар мэдээлэл өгөхдөө "УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн /2022.10.31/ бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ. Намын удирдах зөвлөлөөс шийдвэр гарсны дараа шийдвэрлэнэ" гэсэн юм.
МАН-аас УИХ-ын дэд даргын албан тушаалд томилогдох боломжтой хэд, хэдэн хүн бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, С.Чинзориг нараас томилж магадгүй байгаа юм.
Тэгвэл эдгээрээс УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын нэгийг томилох тухай мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.
Д.Сарангэрэл гишүүний хувьд идэвхийлэн уулзалтуудыг хийж байгаа аж. УИХ нь хоёр дэд даргатай бөгөөд УИХ-ын даргын эзгүйд чуулганы хуралдааныг удирдах үүрэгтэй нэгэн юм.