Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ой энэ сарын 29-ны өдөр тохионо

Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ой энэ сарын 29-ны өдөр тохионо

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ой энэ сарын 29-ны /2022.10.29/ өдөр тохиож байна. 1639 онд Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө “Өргөө” шар бүсийн ордыг байгуулснаар нийслэл хотын маань түүх шаштирын эхний хуудас бичигдсэн билээ. Улмаар нүүдэлч түмний ахуй амьдралын онцлог, түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэллэж, 1778 онд Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө буюу Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт төвхнөсөн түүхтэй.

Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 хувь буюу 1.4 сая гаруй хүн амьдран сууж, улсынхаа ДНБ-ий 70 хувийг дангаараа үйлдвэрлэн, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 192.0 мянга гаруй аж ахуй эрхлэгчдийн 75 хувь нь төвлөрсөн эдийн засаг, нийгэм, соёлын цогц төв болон хөгжсөөр байна. 

Ойн хүрээнд бүх салбарт арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тэргүүтэй Засаг даргын тамгын газрын ажилчид цусаа хандивласан. Мөн аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан, байгууллагуудтай танилцах "Study tour" аяллаас гадна үзэсгэлэн худалдаа, "Автомашингүй өдөр" зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.