“Ажлаа хий” залуусын жагсаалын шаардлагын дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард /2022.04/ төсвийн тодотголыг хийж, УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд агентлагийн дэд дарга нарын орон тоог чөлөөлснөөс гадна 518 тэрбум төгрөгийн 91 төслийн санхүүжилтийг зогсоож, хэмнэсэн гэж буй. Түүнээс гадна уг тодотголоор 25 Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-ийн 34 хүртэлх хувийн энгийн хувьцааг Хөрөнгийн биржээр нэмж гарган олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгохоор шийдвэрлэсэн байдаг.
-ТӨРӨХ БОЛОН ГУРАВ ДАХЬ ШАТЛАЛЫН ЭМНЭЛГҮҮДИЙГ МЕНЕЖМЕНТИЙН ХУВЬЧЛАЛААР 100 ХУВЬ ХУВЬЧЛАХААР БОЛЖЭЭ -
Тэгвэл дээрх хувьчлал үргэлжилж улсын томоохон эмнэлгүүдийг хувьчлахаар шийдвэрлэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эмнэлгүүдийн хувьчлал тун удахгүй эхлэх бөгөөд авах эзэд нь ч аль эрт тодорхой болжээ. Тодруулбал, Засгийн газраас Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, Шастины нэрэмжит III эмнэлэг, "Өргөө" амаржих газар тэргүүтэй бүх төрөх эмнэлгүүдийг хувьчлах аж.
Ингэхдээ менежментийн хувьчлалаар 100 хувь өгөх бөгөөд Нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийг Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан авахаар тохирсон гэх мэдээлэл байна. Харин Хавдар судлалын Үндэсний төвийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, II эмнэлэг болон Төрөх эмнэлгүүдийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон түүний эхнэрийг авахаар бэлдэж байгаа гэх талаар улс төрийн хүрээнд ярьж байна.
С.Энхболдын эхнэр нь н.Цолмон нь Төрөх эмнэлгүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг билээ. Харин Шастины нэрэмжит III төв эмнэлгийг одоогийн захирал н.Төмөр-Очир авах аж. Одоогоор Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь менежментийн хувьчлалд 100 хувь шилжсэнээс гадна 2020 онд I, III, Арьс өвчин судлалын үндэсний төвийн 50 хувийг менежментэд шилжүүлж Төлөөлөн удирдах зөвлөлтай болоод байгаа юм. Ингэснээр тус эмнэлгүүдийн захирлыг Эрүүл мэндийн яамнаас ч томилж чадахаа больсон юм. Учир нь ТУЗ бүгдийг шийддэг болсон гэсэн үг.
-ТӨРИЙН ӨМЧИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ХУВЬЧИЛДАГ ХУУЛЬ БАЙСААР БАЙНА-
Ерөөс эмнэлгүүдийн хувьчлал нь нам гүм олонд мэдэгдэхгүй явагддаг бөгөөд энэ удаа нэлээн асуудал үүсч мэдэх бололтой. Учир нь хувьчлах үйл явц эхлээгүй байхад эзэд тодорхой болж нэр нь дуулдаж эхэлсэн бас менежментийн хувьчлалыг хийх шаардлагагүй гэж шүүмжлэх хүмүүс байгаа юм.
Учир нь 1996 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 65.1-т Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хуулийн этгээдээс үзүүлдэг үйлчилгээ, удирдах үйл ажиллагааг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр гүйцэтгүүлэх, Нийгмийн салбарт тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ашигладаг төрийн өмчийн зориулалтын эд хөрөнгийг бусдад түрээсээр ашиглуулахыг өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын хүрээнд хамааруулж ойлгоно.
Мөн тус хуульд Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж төсвөөс авах санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хуулийн этгээд, хувь хүнд хувьчилж болно гэсэн байдаг.
1996 оны энэ хуулийн заалт нь төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад хувьчилж болох тухай бөгөөд энэ заалтаар улсын эмнэлгүүдийг хувьчлах нь буруу гэх шүүмж олхы дунд байна. Мөн гурав дахь шатлалын хамгийн том эмнэлгүүдийг хувьчлах цаг нь өнөөдөр мөн үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Зарим иргэд эмнэлгүүд хувьчлагдаж байж үйлчилгээ сайжирна гэж үздэг бол боломжгүй иргэд тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдалд орно гэх маргаан байдаг. Одоо ч тус мэдээлэлтэй холбоотой ийм маргаан өрнөж буй. Юу үнэн гэвэл хувьчлагдсанаар иргэдийн төлөх төлбөр нэмэгдэх нь үнэн юм.
Үргэлжлүүлэн бид мэргэжилтнүүдийн энэ талаарх байр, суурийг хүргэх болно.