1541 иргэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэнэ

1541 иргэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэнэ

Төрийн албанд ажиллах мэдлэг, ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлэх зорилготой Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-өөс 16-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж, хүний оролцоо, хөндлөнгийн нөлөөлөлгүй болсон дэвшилтэт сайн соёл, зохион байгуулалтаа бататгалаа.

 Энэ удаагийн шалгалтад улсын хэмжээнд 5885 иргэн бүртгүүлж, 4700 шалгалтад оролцсоноос 1541 иргэн буюу 32.8 хувь нь тэнцсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 581 дугаар тогтоолоор шалгалтад тэнцсэн 1541 иргэнийг Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэхийн зэрэгцээ томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн “сул орон тооны мэдээллийг олон нийтэд мэдээлэх” тухай үүргийн биелэлтийг хангуулах, сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд богино хугацаанд, хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах, төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, шинээр бүртгэгдсэн иргэдийн тусгай шалгалт өгч төрийн албанд томилогдон ажиллах нөхцөл бололцоог хангахад анхаарлаа төвлөрүүлж ажиллахын Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлүүдэд үүрэг болголоо.

Улсын Их Хурлаас 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах зохицуулалт туссан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс ирэх оны ерөнхий шалгалт зохион байгуулах хуваарийг 2022 оны 12 дугаар сард нийтэд зарлан мэдээлэх болно.

Шалгалтын дүнгээр өндөр оноо авч, шалгалтад амжилт үзүүлэх нь зөвхөн тухайн хүний мэдлэг, чадвар, хичээл зүтгэлээс шууд хамааралтай болохыг энэ удаагийн шалгалт дахин нотоллоо. Төрийн албаны шалгалтад оролцож, тэнцсэн нийт иргэдэд баяр хүргэж, амжилт хүсье.