МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас “тодорхойлолт аваад” хагартлаа баярлах С.Эрдэнэ, И.Мөнхжаргал нарыг Ч.Өнөрбаяр “жижиг” байна гэж жиргэжээ

МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас “тодорхойлолт аваад” хагартлаа баярлах С.Эрдэнэ, И.Мөнхжаргал нарыг Ч.Өнөрбаяр “жижиг” байна гэж жиргэжээ

С.Эрдэнэ болон Х.Баттулгын АН-ын И.Мөнхжаргал нар 2024 оны Улсын төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулж, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага” өгчээ. Тухайлбал, С.Эрдэнэ, “2023 оны Улсын төсвийг Засгийн газарт буцаах хэрэгтэй” гэж шаардсан бол, И.Мөнхжаргал, “тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүл” гэж шаардаж.

-Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ТОДОРХОЙЛОЛТЫН ДАГУУ С.ЭРДЭНЭ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖЭЭ-

Гэтэл ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэдний шаардлагын хариу болгож, “АН-ын дарга С.Эрдэнэ” танаа, “АН-ын ЕНБД И.Мөнхжаргал” танаа гэсэн хаягтай албан тоотыг хоёуланд нь илгээж, “Ажлын хэсэг байгуулж хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.  Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар “тодорхойлолт авсан” С.Эрдэнэ, И.Мөнхжаргал нар хагартлаа баярлаж, “намайг”, “намайг” албан ёсны АН гэж үзэж буй мэт мэдэгдлүүдийг ар, араасаа гаргасан байв.

Тухайлбал, С.Эрдэнийн АН-аас Д.Амарбаясгалангийн албан тоотын хариу болгож, “Үнэт зүйл үзэл баримтлалынхаа төлөө хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны нам АН дээрээ нэгдэх нь чухал” гэж мэдэгдсэн, Х.Баттулгын АН-аас “Уг шаардлагын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  өнөөдөр /2022.10.21/ ирүүллээ” гэсэн мэдээллийг нийтэлжээ.

Д.Амарбаясгалангийн албан тоотын дагуу С.Эрдэнэ тушаал гаргажээ

Цаашлаад С.Эрдэнэ хамтарсан ажлын хэсэг байгуулах тушаал ч гаргаж, өөрийн хүрээллийн хүмүүсээ ч ажлын хэсэгт оруулжээ. Тодруулбал, С.Эрдэнийн тус албан тоотод ЗГХЭГ-ын даргын ХЭГ/2415 тоот албан бичгийг үндэслэн тушаах нь, Ажлын хэсгийн даргаар Д.Эрдэнэсувд, гишүүдээр Ц.Алтанцэцэг нарыг бүрэлдэхүүнтэй байгуулсугай, гүйцэтгэл сайтай ажиллаарай” гэсэн тушаалыг гаргажээ.

-АН-ЫГ С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА НАР ЖИЖИГЛЭЖЭЭ-

Үнэндээ, өрсөлдөгч МАН-аас “тодорхойлолт” аваад ийнхүү мэдэгдэл хийж, баярлаж байгаа нь С.Эрдэнэ, Х.Баттулга нар АН-ыг хэрхэн жижиглэж, үгүй хийсний нэг илрэл юм.  Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, “Манай намын хэд МАН-ын генсекээр өөрсдийнхөө албан тушаалыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн уралдаанд оролцож жижгэрч хэрэггүй ш дээ. Санаачилгаа өөрсдөө гартаа авъя” гэж мэдэгджээ.

Иймд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, “МУ-ын Ерөнхий сайдад хаяглан ирүүлсэн бүхий л хүсэлт, шаардлагуудад цаг хугацаанд нь хариу өгөх нь зүйн хэрэг юм.  ЗГХЭГ-аас аль намыг хэн төлөөлөх талаар дүгнэх боломжгүй тул асуудал дэвшүүлж хандсан албан тоотуудад аль алинд нь холбогдох хариуг ирүүлсэн хаягаар нь өгсөн болно” гэсэн тайлбарыг хийжээ.




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө