Өчигдөр орой /2022.10.21/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж А.Ариунболдыг үйлдвэрийн захирлаас чөлөөлж, Г.Дугаржавыг томилох шийдвэрийг гаргасан байна.
Ирэх даваа гаригт /2022.10.24/ ажил хүлээлцэх юм байна. Г.Дугаржавыг томилох саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан бөгөөд урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулахад ашиг сонирхлын зөрчилгүй гэх хариу гарчээ.
Г.Дугаржав нь Н.Энхбаяртай хамт ажиллаж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Н.Энхбаяр нь намаа татан буулган байж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжсэн. Ингэхдээ МАН-ын Удирдах зөвлөл, төв аппарат, нийслэлийн нам болон бусад албан тушаалд 30 хувийн квот авах цаашлаад хүү Э.Батшугарыгаа Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн болгох зэрэг тохироог хийсэн байдаг.
Энэ дагуу өөрийнхөө квотод улс төрийн хамтрагчаа томилуулж байгаа нь энэ аж. Ташрамад дурдахад, Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэр гарч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ хэрэгжүүлэгч “Кью Эс Си” компанийн гэрээг цуцалсан. Уг шийдвэрийн дагуу тус үйлдвэрт А.Ариунболдыг захирлаар томилсон юм.