Д.Сумъяабазар “МҮИС-ийн хууль зөрчсөн дөрвөн барилга”-ыг "хууль зөрчөөгүй” гэж ЗАХИРАМЖ гаргаснаа үгүйсгэж, худал ярьлаа/ВИДЕО/

Д.Сумъяабазар “МҮИС-ийн хууль зөрчсөн дөрвөн барилга”-ыг "хууль зөрчөөгүй” гэж ЗАХИРАМЖ гаргаснаа үгүйсгэж, худал ярьлаа/ВИДЕО/

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн байршилд хууль зөрчиж, барилга барьж байсан Монголын Үндэсний их сургуулийн хамаарал бүхий дөрвөн аж ахуй нэгж, иргэний хууль зөрчиж барьсан барилгуудыг Хотын дарга энэ сарын 10-ны өдөр /2022.10.10/ захирамж гаргаж, зөрчилтэй барилгын жагсаалтаас гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

ВИДЕО:

Тэгвэл өнөөдөр Дугуй цагаан орчмын тохижилт бүрэн дуусаж, нээлтээ хийнэ хэмээн Хотын дарга Д.Сумъяабазар нар Богд хан уулын тусгай хамгаалалтын газарт очсон. Гэвч тухайн тохижилтын ажил дуусах бус 85 хувьтай явж байсан тул Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар уурлаж, эл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Харин Хотын дарга МҮИС-ийн хамааралтай дөрвөн барилгыг Богд уулын тусгай хамгаалалттай газарт байрлаж байсан шавар гэрүүдийг буулгасан асуудлаар тохиролцсон уу, эсвэл ямар нэгэн эрх ашгийн үүднээс барилгыг буулгаж, газар эзэмших эрхийг цуцлах хэмжээнд яригдаж байсан дөрвөн барилгыг зөрчилтэй барилгын жагсаалтаас гаргасан уу гэх хардлага байгаа. Тиймээс бид энэ асуултыг Хотын дарга Д.Сумъяабазар болон түүний Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нараас тодрууллаа. 

Хотын дарга Д.Сумъяабазар "МҮИС-ийн хууль зөрчсөн дөрвөн барилгыг зөрчилтэй барилгын жагсаалтаас хасах захирамж гаргаагүй. Тус сургуулийн хамаарал бүхий "Энигма" ХХК-ийн барилгуудыг буулгах ёстой. Үүнийг ёстой хараарай" хэмээсэн. Харин Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Хотын дарга 1296 дугаартай захирамж гаргаагүй. ulaanbaatar.mn мэдээллийн сайтад Хотын даргын гаргаагүй захирамжийг оруулсан асуудлыг судална. Ямар учраас тэр мэдээллийг сайтад оруулсан гэдгийг нь мэдэхгүй байна" гэв. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ийнхүү А/1296 дугаар захирамжийг гаргаснаа нууж байгаа нь тэрбээр эл хууль зөрчсөн захирамжаа олон нийтийг мэдэхгүй хэмээн төлөвлөж байсан уу гэх хардлагыг мөн төрүүлж байгаа юм. МҮИС-ийн хамаарал бүхий хууль зөрчиж баригдаж байгаа дөрвөн барилгыг зөрчилтэй барилгын жагсаалтаас гаргасан захирамж, түүнийг албан ёсны сайтаасаа нуусан зэрэг асуудлыг бид эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.