Орхон голын гүүрнээс осолдсон иргэний автомашиныг татан гаргасан бол, жолоочийг нь эрэн хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн жолоочийг эрэн хайх ажиллагаа ес дэхь өдрөө үргэлжилж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн аравдугаар сарын 19-ний өдрийн 08:00 цагаас 19:40 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, Шаамарын тохой, Манжийн тохой гэдэг газарт 5 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. Аравдугаар сарын 20-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.