АСБНХ: Цахимаар жолооны үнэмлэх гаргадаг арын хаалганы асуудлыг  цагдаагаар шалгуулдаг ч нотолгоо олддоггүй

АСБНХ: Цахимаар жолооны үнэмлэх гаргадаг арын хаалганы асуудлыг цагдаагаар шалгуулдаг ч нотолгоо олддоггүй

Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооноос жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагааны талаар тайлбар мэдээлэл өгч байна.

Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөллүүд “Шалгалтын үйл ажиллагааг шударга, олон нийтийн хяналттай, дээрээс нь иргэдэд чирэгдэлгүй байлгах ёстой. Авто сургуулиудын материаллаг баазыг ашиглан шалгалт аваад 30 жил болж байна.

Жолооны курсүүд хүнийг жолооч болгох гэж хичээдэг. Гэтэл цахимаар жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө гэсэн зар зөндөө байдаг.

Бид цагдаагаар шалгуулсан ч нотолгоо байдаггүй. Шалгалтыг хувь хүн авч байна гэдэг нь танил тал харна гэсэн үг. Иймд шалгалтын төв байгуулбал хэрэгтэй. Ингэснээр маш бага зардлаар шалгалтыг зохион байгуулах боломжтой. Жолооч нар төгсөж гараад л өөрийн болон өрөөлийн амь насыг дааж явдаг. Тиймээс иргэдээ замын хөдөлгөөнд соёлтой, дүрмээрээ оролцохыг хүсье. Мөн жолооны сургалт муу газрууд байгааг үгүйсгэхгүй. Манай холбоо 2019 онд шинэчлэгдсэн. Улмаар сургалтын чанарыг дээшлүүлэх шаардлага тавьснаар сургалтын төлбөрөө өсгөсөн. Замын хөдөлгөөний осол хүмүүсийн ухамсар, соёлоос хамаарна. Осол гарсныг зөвхөн жолооч бэлтгэх сургалтын байгууллагатай холбож ойлгож болохгүй. Жолооны курсийн үйл ажиллагаа дөрвөн яамны үйл ажиллагаатай уялдаатай байдаг. Гэтэл бидэнтэй зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам л хамтарч ажиллаж байна. Бусад яамд маш уялдаа холбоогүй ажилладаг" гэлээ.