2020 оны ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам Архангай аймагт ялалт байгуулсан.
Тодруулбал, ИТХ-д Ардчилсан нам 20, МАН 19 суудал авсан юм. Үүний үр дүнгээр Д.Золжаргалыг тус аймгийн Засаг даргаар томилсон ч өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдрийн ИТХ-ын хуралдаанаар түүнийг коронавирусийн цар тахлын үеэр хариуцлагагүй ажилласан гэх үндэслэлээр чөлөөлсөн. Уг шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж захирамж гаргаж байсан юм.
Үүний дараа М.Батжаргалыг Засаг даргаар томилсон ч өнгөрсөн сарын 29-ны өдрийн ИТХ-ын хуралдаанаар мөн чөлөөлсөн. Түүнийг уул, уурхайн лицензийг хууль бусаар олгож хувьдаа ашиг олсон гэх үндэслэлээр чөлөөлснийг мөн л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж батламжиллаа. Тэгвэл одоо тус аймгийн Засаг даргаар хэнийг томилох вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Золжаргалыг томилж магадгүй аж.
Учир нь Д.Золжаргалын хувьд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан эсэхийг тодруулах мөн буцаан томилуулах нэхэмжлэхийг шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг Өвөрхангай аймгийн анхан шатны шүүхээс хэлэлцэж нэхэмжлэлийг хангасан бөгөөд удахгүй давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах аж. Энэ талаар Д.Золжаргалаас тодруулахад, "Давж заалдах шүүхийн шийдвэр миний нэхэмжлэлийг хангавал үргэлжлүүлэн ажлаа хийнэ. Шүүхийн шийдвэр гарахыг хүлээж байна. Одоо Архангай аймгийн Засаг даргын орлогчоор н.Мөнхбат гэх залуу ажиллаж байгаа" гэлээ.