Х.Лхагвасүрэн: Осолд орсон цэргийн алба хаагчид хөнгөн гэмтсэн энэ жил өнжих хүсэлтэй бол буцаах шийдвэр гаргаж байгаа

Х.Лхагвасүрэн: Осолд орсон цэргийн алба хаагчид хөнгөн гэмтсэн энэ жил өнжих хүсэлтэй бол буцаах шийдвэр гаргаж байгаа

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд татагдсан залуусыг хувиарлагдсан ангид нь хүргэж өгөхөөр тээвэрлэж явсан автомашин зам тээврийн осол гаргасан талаар бид мэдээлсэн. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өчигдөр /2022.10.18/ өдрийн 14:00 цагийн үед манай 306 дугаар анги Хэнтийгээс цэрэг татаж, Дорнод аймаг руу явж байсан. Машинд нэг офицер, нэг ахлагч, 15 цэргийн алба хаагч байсан. Машин Түмэнцогт сумаас 40 км газарт осолдсон. Осол гарсан шалтгаан нь машины рулийн аппарат хагарч хажуулдсан. Машинд явсан дөрвөн цэргийн толгой хагарч, хоёр цэрэг гэмтэл авсан. Урьд шөнө манай эмнэлгийн яаралтай тусламжийн бүлэг газар дээр нь ажиллаж, Хэнтийн нэгдсэн эмнэлэгт үзлэг хийсэн. Хоёр цэргийн алба хаагч хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан. Цаашид эмчилгээг үргэлжлүүлнэ. Цэргүүдийг тээвэрлэж явсан машины хувьд 2008 онд Монголд орж ирсэн, Хятад Улсад үйлдвэрлэсэн. Цэрэг тээвэрт тэвштэй машин ашиглахыг сүүлийн үед хориглож байгаа. Нэгэн зэрэг олон цэрэг халж шинээр татахад тээвэрлэх унаа хүрэлцэхгүй байгаа. Мөн өнгөрсөн ням гараг /2022.10.16/-т зургаан цэрэг тээвэрлэж явсан машин хажуулдсан. Зорчиж явсан цэргүүд гэмтэл аваагүй. Цэрэг тээврийн ажил онцгой ажил. Бид хариуцлагатай хандах ёстой. Гэвч зам урт, цаг уурын байдал гээд хээр хоноод явах тохиолдол ч байдаг. Хилийн застав дээр машин тэрэгний асуудал хүнд байгаа. Сүүлийн жилүүдэд бага багаар шийдвэрлэж байна. Ирэх онд хилийн заставын парк шинэчлэл хийх байх. Осолдсон машины хувьд 30 км/ц хурдтай явж байсан юм билээ. Цэргүүдийн ар гэрт мэдээлэл өгч эмнэлэгт ирсэн. Осолдсон цэргийн албан хаагч энэ жил өнжих хүсэлтэй бол буцаах шийдвэрийг гаргаж байгаа” гэлээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө