Соёлмаа Дагаева: Монгол Улсад оросууд олноор ирсэн учир бид буриад хэлээр гурав, оросоор гурван жүжиг тоглоно

Соёлмаа Дагаева: Монгол Улсад оросууд олноор ирсэн учир бид буриад хэлээр гурав, оросоор гурван жүжиг тоглоно

ОХУ-ын Буриад Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Хоца Намсрайевын нэрэлмжит Драмын эрдмийн театрын уран бүтээлчид Монгол Улсад хийх аялан тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө. 

Буриад Улсын Соёлын сайд Соёлмаа Дагаева "Буриадын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсад 44 жилийн дараа зургаан жүжигтэй ирлээ. Монгол Улсад оросууд олноор ирсэн байна. Тиймээс бид үзэгчдэдээ зориулан буриад хэлээр гурав, оросоор гурван жүжиг тус тус тоглоно. Нийт 62 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн” гэлээ.

МУСТА М.Түвшинхүү "Маршал Чойбалсангийн урилгаар 1943 онд Буриадын академик  театрын хамт олон манай улсад бүрэн бүрэлдэхүүнээрээ айлчлан ирж, тоглосон. Үүнээс хойш уран бүтээлчид солилцоогоор хамтран ажиллаж ирсэн. Улмаар 1978 онд Буриадын академик театр бүрэн бүрэлдэхүүнээрээ, “Гэгээн муза” болон олон улсын фестивалиудад оролцохоор цөөн тооны уран бүтээлчид ирж байсан. Түүнээс хойш Буриадын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байгаа түүх 44 жилийн дараа дахин тохиож байна. Монголчууд "Алдарын есөн хором" жүжгийг сайн мэднэ. Тус жүжигт 300 гаруй цэргийнхээ амийг авардаг ОХУ-ын баатрын талаар өгүүлдэг. Бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү жүжгийг Саян Жамбалов багш найруулсан. Мөн Буриадын аман домог дамжин ирсэн "Улей нутгийн охид" жүжгийг Соёлын төв өргөөний тайзнаа өнөөдөр тоглоно. Улей нутгийн сүнслэг шинж чанарыг харуулсан, өвөрмөц шийдэлтэй жүжиг юм. “Барлаг” жүжгийг Монголын хүүхдийн ордонд Орос хэлээр сурдаг сургуулийн сурагчдад зориулан өнөөдөр нээлээ. "Үхэж ядсан хаан" бол абсурд төрлийн жүжиг юм. "Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд" жүжигт хүний нутагт зовлон, жаргал туулж буйг харуулна. "Блогчин" жүжгээс хүүхдүүд цахим орчинд хэт их автах үзэгдлийг бодитой, хөгжилтэй байдлаар өгүүлнэ. Эдгээр зургаан жүжгийг Буриадын жүжигчид тайзнаа тоглохоос гадна энэ сарын 20-нд Буриадын театрын урын санд байдаг шилдэг жүжгүүдийн түүврийг үзэгчдэд толилуулна" хэмээв.

Тус театрын аялан тоглолт "Барлаг" хүүхдийн жүжгээр Монголын хүүхдийн ордонд өнөөдөр нээлтээ хийлээ.Тоглолтын хөтөлбөр:

  • 2022.10.17-нд 11.00 цагт "Барлаг" Монголын хүүхдийн ордонд
  • 2022.10.17-нд 19.00 цагт "Улей нутгийн охид" Соёлын төв өргөөнд
  • 2022.10.18-нд 11.00 цагт "Алдарын есөн хором" Монголын хүүхдийн ордонд
  • 2022.10.18-нд 19.00 цагт "Үхэж ядсан хаан" Соёлын төв өргөөнд
  • 2022.10.19-нд 11.00 цагт "Алдарын есөн хором" Монголын хүүхдийн ордонд
  • 2022.10.19-нд 19.00 цагт "Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд" Соёлын төв өргөөнд
  • 2022.10.20-нд 11.00 цагт "Блогчин" Монголын хүүхдийн ордонд
  • 2022.10.20-нд 19.00 цагт "Шилдэг жүжгүүдийн түүвэр" Соёлын төв өргөөнд