"Халамжаас-Хөдөлмөрт" хэлэлцүүлгийг өнгөрсөн сард /2022.09.27/ Төрийн ордонд зохион байгуулах үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нэн ядуу өрхүүдийг "улны айлууд" гэж тодорхойлсон нь олон хүний дургүйцлийг хүргэж улмаар түүнийг огцруулахад хүргэсэн.
Тэрбээр ингэхдээ "Манай яамныхны нэрлэдгээр" хэмээн тодотгосон юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө "Төрийн албан хаагчид өөрсдийн хандлага, соёл, ухамсар зэрэг олон зүйлд анхааралтай хандах шаардлагатайг энэ үйлдэл тодотгон харуулж байна. Д.Сарангэрэл сайд "Манай яамныхны нэрлэдгээр" гэж хэлсэн. Тиймээс дараагийн сайдыг томилогдтол миний бие тус яамыг хариуцан ажиллах хүний хувьд тус яаманд шалгалт оруулна. Бас нийгмийн давхарга, аж амьдралыг ангилж байгаа байдал болон бусад зүйлд хяналт шалгалт хийнэ" гэж байсан.
Тэгвэл эл шалгалтыг энэ өдрүүдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хийж байгаа талаар тус яамны дэд сайд С.Зулпхар мэдэгдлээ.
Тэрбээр "Засгийн газрын хэрэг эрхлэх газраас манай яаманд шалгалт хийж байгаа. Шалгалт хийсний дараа "улны" гэх нэр томъёог хэрэглэж байсан эсэх нь тодорхой болно. Миний хувьд энэ нэр томъёог хэвлэлээс л мэдсэн. Д.Сарангэрэл сайд нь ядуурлаас гаргах олон санаачлагатай ажлыг төлөвлөн боловсруулж байсан. Үүний нэг нь иргэдийг сургалтанд суулгах замаар мэргэжилтэй болгож ажилтай, орлоготой болгох байсан. Энэ хөтөлбөрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлнэ" гэлээ.
ҮЗЭХ: