УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өнөөдөр /2022.10.17/ Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд хүсэлт хүргүүлсэн байна. Тэрбээр тус асуудлаар өмнө нь Үндсэн хуулийн цэцэд мөн хандаж байжээ.
ХҮСЭЛТ:
Миний бие Улсын Их Хурлаас 2022 оны 06 сарын 03 өдөр Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 34.16 ийн 5,6,7 дахь өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт, Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долоодугаар зүйлийн 1 дэх заалт, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, Тавин тавдугаар зүйлийн 1 дэх заалт, Тавин зургаадугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн талаархи гомдолоо Үндсэн Хуулийн Цэцэд 2022 оны 10 дугаар сарын 08 ны өдөр гаргасан билээ.
Цэцэд гаргасан мэдээлэлдээ тухайн хуулийн нэмэлт өөрчлөлт нь аливаа этгээдийн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарласан, ЭХХШ тухай хуулийн дагуу зайлшгүй прокурорын хяналтын доор хийгдвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудын дараалал алдагдуулсан, Прокурорын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх болох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхэнд хөндлөнгөөс оролцсон зэрэг зарим нөхцөл байдлуудыг дурдан үндэслэл нотолгоог гаргаж өгсөн юм.
ЭХХШ тухай хуулийн дээр дурдсан нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилт нь өнөөгийн нөхцөлд шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэгжихэд олон талын саад бэрхшээлүүд бодитоор тулгарсаар байна. Тухайлбал шүүхээс хэрэг хойшлуулах хугацааг 1-60 хоногт багтаан шүүх өөрийн үзэмжээр тогтоож байгаа нь хэргийн бодит нөхцөлийг шийдвэрлэхэд хангалттай хугацаа мөн эсэх нь эргэлзээтэй, Мөн шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд даалгасан ажлыг хийж гүйцэтгэх явцад мөрдөн шалгалтын ажиллагаатай холбоотой асуудлаар шат шатны прокурорт гомдол гаргах, прокурорын хариу хүлээн авах боломж бүрэн хаагдсан, мөн анхан шатны шүүх гэм буруугийн хуралдааны эцсийн шийдвэртээ хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногт гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй хэмээн дурдаж байгаа хэдий ч оролцогчдын гомдол, прокурорын эсэргүүцэл нь давж заалдах шатны шүүхэд хүлээн авагдан шүүхийн шийдвэрээр засагдах боломжгүй болсон зэрэг зөрчилтэй байдлууд үүсээд байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд саяхан болсон шүүх хуралдааны шүүгчийн шийдвэрт авлигал авсан шүүгч нарыг 7 сая 500 мянгаар торгох шийтгэл ноогдуулсан байдаг. Иймэрхүү тохиолдолд прокурор гэм буруугийн нөхцөл байдал, ял шийтгэлтэй тохироогүй гэж үзэн шүүхэд эсэргүүцэл бичсэн ч шүүх эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй, прокурорын эсэргүүцлийг шүүх хүлээн авсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, алдааг засах бололцоо нь бүрэн хаагдсан байна.
Энэ мэт олон жишээг дурдаж болохоор юм. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурор таны зүгээс “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай” хуулийн 16.1 д заагдсан эрхээ хэрэгжүүлж Үндсэн хуулийн цэцэд нэн дариу хандахыг хүсье.
Учир нь Үндсэн хуулийн цэц нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокуророос Үндсэн Хууль зөрчсөн талаар мэдээлэл ирүүлсэн тохиолдолд шууд маргаан үүсгэн, дунд суудлын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэдэг билээ.
Хэдийгээр би иргэний хувьд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан хэдий ч цаг хугацааг алдахгүй байж Үндсэн хуулийн зөрчлийг нэн дариу арилгуулах зорилгоор ийнхүү танд хандаж байна.
Өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.
Жич: 2022 оны 10 дугаар сарын 08 ны өдөр миний бие иргэнийхээ хувиар “Үндсэн хуулийн цэц”-д мэдээлэл хүргүүлсэн өргөдлийн хувийг хавсаргав.