Улаанбаатар хотын хамгийн урт буюу 480 метр урттай гүүрэн байгууламжийн ажил өнөөдөр эхэллээ

Улаанбаатар хотын хамгийн урт буюу 480 метр урттай гүүрэн байгууламжийн ажил өнөөдөр эхэллээ

Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулна гэж үзэж буй Улаанбаатар хотын хамгийн урт буюу 480 метр урттай гүүрэн байгууламжийн ажил эхэлжээ. Тус бүтээн байгуулалтыг үндэсний “Мотор сервис” ХХК-ийн хамт олон тендер сонгон шалгаруулалтад шалгарч,ямар нэг урьдчилгаа авахгүйгээр ажлаа өнөөдөр /2022.10.15/ эхэллээ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор урдуураа тойрч, хурдны замтай нийлэх замын трассын ажил үргэлжилнэ. Тус ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан. Түгжрэл олон зүйлээс шалтгаална.

  • Нийтийн тээвэр,
  • гүүрэн байгууламж барих,
  • зам өргөтгөх, шинэчлэх, шинээр барьж байгуулах,
  • явган хүний болон дугуйн зам,
  • сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байдал,

бүтээн байгуулалт гэх мэт 36 багц асуудалд үндэслэж, түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах тооцооллыг гаргасан.

Түүнчлэн цахим хот болох хэрэгтэй. Энэ хүрээнд RFID нэвтрүүлэх, автомашин мэдрэгчтэй болох, автомашиныг бүртгэлжүүлэх, камержуулах зэргээр бүртгэл, хяналтыг хангаж байж дараагийн шатны ажлууд хийнэ. Энэ мэтчилэн сахилга баттай, замбараатай байдлаар цаашид хотын ажлууд үргэлжилнэ. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Ажлын гүйцэтгэл маш чухал. Хийх ажлуудыг тус тусад нь хуваарилж байж олон ажил зэрэг үр дүнтэй үргэлжилж байна. Их хотын бүтээн байгуулалтад дандаа үндэсний аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа. Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байгаа” хэмээлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Батсайхан “Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл төсөл хэрэгжинэ. Эхний ээлжид гурван гүүрний барилгын ажил үргэлжлээд явж байна. Эхний гүүр нь 37 метр урттай Туул голын салаа дээр баригдаж байгаа. Дараагийнх нь 391 метр урттай. Энэ нь Монгол Улсад уртынхаа хэмжээгээр хоёрт орох том хэмжээний гүүр юм. Мөн Дунд гол дээгүүр 55 метр урт гүүр барина. Тус гүүрэн байгууламж нь Монгол Улсдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт нь амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 31.3 метр өргөн. Тус гүүрэн байгууламжийг барьснаар Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн замын ачааллыг хуваарилах ач холбогдолтой” гэлээ.

Харин төсөл гүйцэтгэгч “Мотор Сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат “Гэрээг тавдугаар сарын 20-нд байгуулж, ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн. Эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Үлдсэн хоёр гүүрний ажил мөн өндөр хувьтай явж байна. Энэ жилдээ суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын явцад материалын асуудал, цементийн үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй байна. 2023 онд зөвхөн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжлэх юм” хэмээн ярьж байлаа.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар