Б.Жаргалмаа: Уналт таталтын эмийг төрөөс 100 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргасан ч эцэг, эхчүүд 70 хувиар нь худалдан авч байна

Б.Жаргалмаа: Уналт таталтын эмийг төрөөс 100 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргасан ч эцэг, эхчүүд 70 хувиар нь худалдан авч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.14/ үдээс хойшхи хуралдаанаар  УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, УИХ-ын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Тухайлбал, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМАА: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уналт таталтын эмийг төрөөс 100 хувь хөнгөлөх шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан. Гэтэл эцэг, эхчүүд энэ эмийг 70 хувийн хөнгөлөлтөөр авч байна. Энэ ямар учиртай вэ. Мөн төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх чиглэлд Эрүүл мэндийн яам ямар судалгаа хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх, эмчилгээ үйлчилгээг сайжруулах, түгээмэл болгох чиглэлд анхаарч байна уу гэлээ. 

Харин ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД: Уналт таталтын эмийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр худалдан авч байна. Бид хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чиглэлд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторийг хэд, хэдэн эмнэлэгт байгуулахаар ажиллаж байна. Ер нь хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болоход олон зүйл нөлөөлж байна. Ганц Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд урагт шинжилгээ хийдэг лаборатори бий. Яг ийм лабораторийг бусад эмнэлгүүдэд байгуулахаар ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх эмчилгээ, үйлчилгээг хувийн хэвшлүүдтэй хамтран өргөжүүлнэ гэв.