Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард /2022.08/ Засгийн газартаа халаа, сэлгээ хийсэн. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайханыг огцруулж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/-ын төслийн удирдагчаар томилсон гэх мэдээллийг тухайн үед албаны эх сурвалжууд өгч байсан ч энэ нь мэдээллийн зөрүү, андуурал болсон гэх мэдээлэл байна.
-ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН ШИЙДВЭР ГАРГАЖ Ч.ГАНТУЛГЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ УДАХГҮЙ АЛБАЖУУЛАХ АЖ -
Тодруулбал, өдгөө Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төслийн удирдагчаар “Хас”-ын Ч.Ганхуягийн дүү Ч.Гантулга ажиллаж байгаа юм. Харин Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн томилогдсон даруйдаа түүнийг чөлөөлөх асуудлыг хөндсөн бөгөөд удахгүй албажина гэх мэдээлэл байна.
Ч.Гантулгын хувьд Эрчим хүчний өмнөх сайд Н.Тавинбэхийн хүн гэгдэх бөгөөд хариуцсан ажлаа ахиулахад хангалттай санаачлага гаргахгүй байгаа гэх үндэслэлээр огцруулах асуудлыг хөндөх аж. Харин Ч.Гантулгын хувьд ажлаа өгөхгүй гэх саналыг ярьж яваа ч гэх мэдээлэл байгаа юм.
Түүнийг чөлөөлсний дараа сайд, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжавыг томилж магадгүй тухай мэдээлэл байгаа юм. Ч.Саранжавын хувьд Түлш, эрчим хүчний яаманд /2007 он/ Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийж байсан. Улмаар 2012 онд УБЦТС төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан удаатай. Харин ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан өдгөө төрийн ямар нэг албан тушаалаас хашаагүй "ажилгүй" байгаа ажээ.