ЭМАҮЭ: Ж.Энхцэцэгийг ёс зүйн хороо зөрчил гаргасан гэж дүгнэсэн ч С.Энхболд сайдын танил учир хариуцлага хүлээдэггүй

ЭМАҮЭ: Ж.Энхцэцэгийг ёс зүйн хороо зөрчил гаргасан гэж дүгнэсэн ч С.Энхболд сайдын танил учир хариуцлага хүлээдэггүй

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Өргөө” амаржих газрын хууль бус хэмээн үзэж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Уг хэвлэлийн хуралд "Өргөө" амаржих газрын ажилтнууд оролцон, байр сууриа илэрхийлэхээр төлөвлөсөн ч ирээгүй байна. Учир нь эмнэлгийн захиргаанаас нь оролцуулаагүй аж. Тус эмнэлэгт нийт 400 орчим хүн ажилладаг. Тэдний 30 хувийг халсан байна. Улмаар ЭМЯ-ны Ёс зүйн хороо Ж.Энхцэцэг захирал олон зөрчил гаргасан хэмээн дүгнэсэн байна.

Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны төлөөлөл “Энэ эмнэлгийн ажилчдын асуудлыг таван сарын турш шийдсэнгүй. Иймд бид арга буюу өнөөдөр /2022.10.13/ хэвлэлийн хурал хийж байна.

ЦЕГ-аас тэтгэвэрт гарсан хүнийг тус эмнэлгийн дотоод аудитороор Ж.Энхцэцэг захирал томилжээ. Энэ хүн эмнэлгийн ажилтнуудыг дарамталдаг талаар олон хүн бидэнд өргөдөл гарган, санал хэлсэн.

Тухайн ажилтан буруутай үйлдэл гаргасан бол алдаа дутагдлыг нь баримтаар нотлох ёстой. Гэтэл Ж.Энхцэцэг дарга "манай ажилтнууд архи уусан" гэх мэтээр ажилтнуудын нэр хүндэд халджээ. Энэ хүн ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. ажилтнууд эвлэлдэн нэгдсэний төлөө ажлаас халагдах ёсгүй. 

Салбарын сайдад энэ талаар мэдээлээд ямар ч  үр дүн гарсангүй. Ж.Энхцэцэг захирал Эрүүл мэндийн сайд С.Энхболдын гэр бүлийн хүнтэй дотно харилцаатай тул сайдын хамгаалалтад орсон юм байна хэмээн тус амаржих газруудын ажилтнууд ярьцгааж байна.     

Олон баримтаар Ж.Энхцэцэг захирлын буруутай үйлдлийг тогтоосон байхад С.Энхболд сайд та хариуцлага тооцох ёстой. Эс бөгөөс та суудлаа тавьж өг. Бид улс төрөөс хараат бусаар ажилладаг” гэлээ.