Өнгөрөгч есдүгээр сарын 27 /2022.09.27/-ны өдөр хуралдсан Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүнээр С.Эрдэнийг бүртгүүлэх” тухай С.Эрдэнийн өөрийнх нь хүсэлтийг хэлэлцээд түүний тус намын даргаар бүртгэхээс татгалзсан байдаг.
Тэгвэл АН-ыг төлөөлөх эрхгүй С.Эрдэнэ өнөөдөр /2022.10.13/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийг хурлын зарлажээ.
Улмаар тус хурлаар ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг, Тамгын газрын даргаар Б.Дэлгэрмаа нарыг томилох гэж байгаа аж. Сонирхуулахад, Б.Дэлгэрмаа нь 2020 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшин өрсөлдөөд, ялагдаж явсан нэгэн ажээ.
Мөн өөр нэг асуудал нь, “С.Эрдэнэ нь АН-ыг төлөөлөх эрхгүй” гэж УДШ шийдвэр гаргасан байтал, тэрээр өөрийн гарын үсэгтэй тушаал гаргаж, АН-ын ҮБХ-ны хурлыг зарлаж, удирдлагуудыг нь томилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа аж. Нөгөө талаар УИХ-ын гишүүн нь “Монгол Улсын хуулийг дээдлэн сахина, тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангараг өргөдөг. Энэ утгаараа УИХ-ын гишүүн Д.Ганбат ч хууль зөрчиж байгаа ажээ.