Захиргааны алба хаагчид "бага цалинтай хүний нөөцийн дутагдалтай" учир урамшуулал олгох хуулийн төслийг санаачилжээ

Захиргааны алба хаагчид "бага цалинтай хүний нөөцийн дутагдалтай" учир урамшуулал олгох хуулийн төслийг санаачилжээ

УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тэрбээр "Их, дээд сургууль төгсөөд сумын төвийн цэцэрлэг, сургуульд ажиллаж байгаа багш, эмч нарын үндсэн цалин 850-950 мянга байдаг бол төрийн захиргааны албан хаагчийн үндсэн цалин 615 мянган төгрөг байдаг. 

Түүнчлэн сум, тосгон, багт ажилладаг багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид тасралтгүй ажилласан таван жил тутамд нэг удаа мөнгөн урамшуулал олгодог.

Харин төрийн захиргааны албан хаагчдын цалин бага, тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин зохицуулалт байхгүй. Үүний улмаас хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсэж байгаа.

Тухайлбал, Улсын хэмжээнд сумдын ЗДТГ-т 1,338 орон тоо сул байгаагаас 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол 319 мэргэжилтэн өөр ажилд шилжсэн байна. Сумын ЗДТГ-ууд 1,089 сул орон тооны захиалга Төрийн албаны салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн боловч 499 сул орон тоонд нөөцөд бүртгүүлсэн иргэн байхгүй, 413 сул орон тоонд иргэн бүртгүүлээгүйн улмаас сул орон тоо нөхөгдөж чадаагүй байна. Иймд бид уг хуулийн төслийг санаачиллаа" гэлээ. 

Уг хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад сумын Засаг Даргын Тамгын Газар (ЗДТГ)-т тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгодог болох зохицуулалтыг тусгасан аж.