Япон улсын Japan Airlines компани Монгол руу шууд нислэг үйлдэнэ

Япон улсын Japan Airlines компани Монгол руу шууд нислэг үйлдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар “JAPAN AIR LINES” /JAL/ иргэний агаарын тээврийн компанийн борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал хатагтай Накано Хошико, гадаад борлуулалтын газрын захирал Терао Ёшино, Гадаад борлуулалтын газрын ахлах менежер Шимизү Торү-тай уулзаж, Монгол-Япон хоёр улсын хооронд шууд нислэг хийх, давтамжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.

Засгийн газраас 2023, 2024 оныг Зочлох жил болгон зарласантай холбогдуулан ирэх жил манай орныг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэр дундаа Япон улсаас ирэх жуулчдыг тоог 100 мянгад хүргэхээр зорилт дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд агаарын тээврийн либералчлалд, нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэх чиглэлээр салбарын сайд нар хамтарсан уулзалт хийсэн юм.

Энэ жил Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Түүхэн цаг хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ стратегийн түншлэлд хүрч, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байна гэдгийг талууд онцлоод, дараагийн 50 жилд энэхүү найрамдалт харилцааг улам бэхжүүлж, аялал жуулчлал, эдийн засаг, бизнесийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

“JAPAN AIR LINES”/JAL/ иргэний агаарын тээврийн компанийн хувьд манай улсад 2006,2008 онуудад 25 удаагийн нислэг үйлдэж байсан туршлагатай төдийгүй цаашид агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт хоёр орныг холбох “далавч” болон ажиллах хүсэлтэй байна гэдгээ уулзалтын үеэр тус компанийн борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал хатагтай Накано Хошико онцлон тэмдэглэв.