Д.Сарангэрэл: Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдгийг тэр ядуу айлууд гэж ойлгоорой

2022-10-11 12:15

Д.Сарангэрэл: Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдгийг тэр ядуу айлууд гэж ойлгоорой

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсож байна. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "улны айлууд" гэх үгийн талаар тайлбар хэлэв. 

ВИДЕО:

Тэрээр “ХНХЯ-д олон жил ажилласан, ажлаа мэддэг боловсон хүчний нөөц байна. Тэдний үгийг сонсох ёстой. Би богино хугацаанд ажилласан. Сайд, дэд сайд бол ажлынхаа гүн рүү ороогүй, сошиал сурталчилгаанд өөрсдийгөө рекламдах чиглэлд хөрөнгө зарцуулсан байдлыг би харсан. Өнөөдөр 26 мянган айл төрийн байгууллагын мэдээллийн санд байхгүй. “Улны айл” гэдэг үгээр их хөөцөлдөж байна л даа. Энэ “Ул” гэдэг үг Д.Сарангэрэлтэй хамт явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн. Тэрийг мартаж ерөөсөө болохгүй. Энэ айлууд руу гаа очоод үзэх хэрэгтэй. Дэнгийн эрвээхий шиг дээгүүр нисээд байж болохгүй. "Махан хоол идэхийн тулд сургуульдаа явж байгаа" гэж хэлж байгаа хүүхэд байна. Энэ бүхнийг газар дээр нь очиж үз. Бид нар “Ул” гэдэг үг хэрэглэдэггүй гээд дэд сайд яриад зогсож байгаа юм. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэсэн. Судалгаанд ашигласан гэдгийг яамны хэд, хэдэн дарга хэлсэн. Үүнийг мэдэхгүй байна гэдэг бол гутамшиг. Түүнээс гадна энэ хэсэг хүмүүс буруутгах хэрэггүй. Харин баярлах ёстой. Үнэнийг хэллээ. 

Халамжийн ажилтнууд энэ айл өрхөөр яваад, амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлэг гэдэг үзүүлэлтийн шугамыг давахгүй байгаа айлуудыг аргагүй ингэж нэрлэдэг. Энэ түвшинд оччихоод байхад энэ үгийг төрийн түвшинд хүргэхгүй, өөрсдөө очиж үзэхгүй үгээр хөөцөлдөөд явж байна. Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдгийг тэр ядуу айлууд гэж ойлгоорой, тйимээс тэндээ очиж ажиллаарай. Халамжийн ажилтнууд энэ үгийг маш сайн мэдэж байгаа. Одоо энэ үгээр хөөцөлдөж "Чи хэлсэн. Би хэлсэн" гэж олон хүнийг зовоож байгаа юм байна лээ. Үүнийгээ зогсоо.

БНХАУ зарлаж байгаад ядуурлаа устгачихлаа. Манайд ч боломж бий. Тухайлбал, 2023 онд 100 гаруй тэрбум төгрөгөөр ажил эрхлэлтийг нэмэх, ядуурлаас гаргах боломж байна. Энэ төлөвлөгөөг гаргаад тооцоо гаргаад, сэтгэлээ гаргаад зориулалтаар тэр мөнгийг ашиглаж чадвал ядуурлаас гарах бүрэн боломж байгаа юм. Үүнийг дайн, ковидоор шалтаглах хэрэггүй. Сэтгэл гаргах хэрэгтэй байна. Дэд сайд үгээр хөөцөлдөж, чи хэлсэн би хэлсэн гээд баахан хүнийг зовоож байгаа юм билээ. Үүнийгээ зогсоо. Тэгж болохгүй” гэлээ.

2022-10-11 11:05

Д.Сарангэрэлийн оронд очих Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг энэ сарын 15-ны өдрөөс хойш томилно гэв

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь өнгөрсөн сарын 27-ны өдөр /2022.09.27/ огцруулсан. Харин одоо тус яамыг Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан түр хариуцан ажиллаж байгаа юм. 

Тэгвэл Д.Сарангэрэлийн оронд очих Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг хэзээ томилох талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "2023 оны төсвийн төслийг хэлэлцэж дууссаны дараа буюу энэ сарын 15-ны өдрөөс /2022.10.15/ хойш томилно. Түүнээс нааш ямар ч боломжгүй" гэв. Тус албан тушаал нь МАН-даа эмэгтэйчүүдийн квот хэдий ч, Д.Сарангэрэлийн алдааг давтахгүйн тулд энэ удаа УИХ-ын эрэгтэй гишүүдээс томилно гэх мэдээлэл байна.