Дундговь аймагт таван сарын дотор баригдсан "Ид шидийн орон" маргааш нээлтээ хийнэ

Дундговь аймагт таван сарын дотор баригдсан "Ид шидийн орон" маргааш нээлтээ хийнэ

Лантуун дохио ТББ-аас хэрэгжүүлсэн "Ид шидийн орон" төсөл таван жилийн туршлагадаа үндэслэн "Ид шидийн орон" жишиг төвийг орон нутагт бүтээх тендер зарлаж жишиг төв байгуулах аймгаар Дундговь тодорсон билээ. Улмаар бүтээн байгуулалтын барилгын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр эхлүүлсэн юм.

Энэ хүрээнд долоон томоохон арга хэмжээ зохион байгуулсан байна. Тухайлбал буян хонины давлагааг эхлүүлж Дундговь аймгийн 15 сумдын малчдын дэмжлэгийг авч нийт 10,000 гаруй гүйлгээг хүлээн авч,үе үеийн төгсөгчдийн давлагаа өрнөж, байгууллагууд хамт олноороо ирж туслахаас гадна нэг өдрийн цалингаа хандивла% дэлхийн Монголчууд тал талаас нь дэмжиж, төрийн болон төрийн бус байгууллагын нягт хамтын ажиллагаатайгаар нийт 885 гаруй сая төгрөгийн мөнгөн хандив, 320 сая гаруй төгрөгийн материалын болон ажил гүйцэтгэлийн хандивыг хүлээн авчээ.

Анх 953 сая төгрөгийн зардал төлөвлөж байсан барилгын нийт өртөг 1,5 тэрбум болтол өсжээ. Гэсэн ч сайхан сэтгэлт Монголчууд, нийгмийн хариуцлагыг ухамсарласан олоон байгууллагууд, ид шидтэй ах, эгч нар, сайн дурынхны дэмжлэгтэйгээр барилгын ажлынхаа 90 хувийн гүйцэтгэлийг хийсэн аж.

Ийнхүү таван сарын дотор сайн дурын сайхан сэтгэлт ажилчид болон иргэдийн дэмжлэгээр Дундговь аймагт “Ид шидийн орон” сүндэрлэж маргааш /2022.10.12/ нээлтээ хийхээр болжээ.