Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрийг хувьчилсан шийдвэрээсээ буцаж, төрд эргүүлэн авсан. Ингээд тус үйлдвэрийн захирлаар Л.Наранбаатарыг томилсон байдаг. Гэтэл үүнээс үүдэн энэ зуны бүтээн байгуулалтын ид ажлын үеэр манай улсад цементийн хомстол бий болж үнэ нь өссөн.
Тодруулбал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт эвдрэл гарч, "тэг зогсох"-д зах зээл дахь цементийн нийлүүлэлт багасч улмаар эрэлт ихсэж, үнэ нэмэгдсэн байдаг.
-Л.НАРАНБААТАР БУРУУ ТООСГО ХУДАЛДАЖ АВСНААС ГАДНА УРСГАЛ ЗАВСРЫГ ЦАГТ НЬ ХИЙГЭЭГҮЙ ТУЛ ҮЙЛДВЭР ЭВДРЭХЭД ХҮРСЭН-
Энэ нь тус үйлдвэрийн удирдлага болох Л.Наранбаатарын чадваргүй, хариуцлагагүй байдалтай холбоотой гэж хэлэх хүмүүс олон байгаа юм. Учир нь сүүлийн 40 жилийн турш ганц ч эвдрэлгүй үүргээ гүйцэтгэж байсан тус үйлдвэр Л.Наранбаатарын хариуцсан зургаан сарын хугацаанд хоёр ч удаа эвдэрч "тэг" зогслоо. Шалтгаан нь цементийн гол түүхий эдийг бэлтгэдэг шатаах зуух эвдэрч тоосго нь муудсантай холбоотой.
Зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Л.Наранбаатар захирлаар ирсэн даруйдаа өмнө нь тус үйлдвэрийг ажиллуулж байсан хувийн хэвшлийн тоосгоны захиалгыг цуцалж, өөр компаниас бэлэн тоосго худалдан авсан байна.
Бэлэн тоосгоо ирэх хүртэл үйлдвэрийн төлөвлөгөөт засварыг хийлгүй хуучнаар нь зүтгүүлсний улмаас ийнхүү цементийн үйлдвэр эвдэрсэн гэх. Гэтэл Л.Наранбаатарын захиалсан тоосго чанарын шаардлага хангахгүй нь батлагдаж 10 хонолгүй эвдэрч дахин, дахин асуудал үүсч байгаа аж. Хамгийн ноцтой нь Л.Наранбаатарын худалдаж авсан тоосго одоо ч агуулахад хураалгаастай байгаа бөгөөд хуучин тоосготой хольж зуухны дотор талыг доторлож байгаа гэх мэдээллийг үйлдвэрийн ажилчид хэлж байгаа юм. Мөн тэрбээр урсгал засварыг ч орхигдуулж байгаа аж. Энэ бүх асуудалтай холбоотойгоор УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2022.10.11/ тус үйлдвэрт ажиллаж байна. Тэд ямар дүгнэлт гаргах нь бас анхаарал татна.
ҮЗЭХ:
-Б.ЦЭНГЭЛ: Л.НАРАНБААТАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ ӨНӨӨ, МАРГААШДАА ХӨНДӨХ АСУУДАЛ БИШ-
Тэгвэл хариуцлагагүй ажиллаж улсын эдийн засгийг хохироож буй Л.Наранбаатарт хариуцлага тооцох эсэхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулахад “Үгүй” гэх хариултыг өгөв. Б.Цэнгэлийн хувьд Хөтөлийн цементийн үйлдвэрээс эхлээд төрийн өмчит бүхий л үйлдвэрүүдээ хариуцаж хүн юм.
Тэрбээр энэ талаар ярихдаа “Үйлдвэрийн технологи гэж нарийн зүйл бий. Энэ нь хувь хүнээс хамаараад байдаг зүйл биш. 60 метрийн урттай зуух нь маш өндөр хэмийн галаар ажилладаг. Тийм учраас галд тэсвэртэй тоосгоор доторлож хамгаалдаг. Энэ тоосгыг гурван ээлжээр сольдог график хугацаатай. Өмнө нь тус үйлдвэрийг ажиллуулж байсан хувийн хэвшил энэ тоосгыг солилгүй хоёр жил болсон. Тийм учраас халалт болож зуух нь автоматаар зогссон. Зайлшгүй мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тус зуухыг зогсоож засварын ажлыг хийсэн.
Галд тэсвэртэй тоосгыг БНХАУ-аас захиалж авдаг. Гэтэл Эрээн хотод ковид гарснаас үүдэн нэг сарын хугацаанд тоосгыг хүлээсэн. Энд хувь хүний асуудал гэхээсээ илүү гадаад, дотоод нөхцөл байдал нөлөөлсөн. Засгийн газрын хэрэг, эрхлэх газраас Хөтөлийн үйлдвэрт шалгалт хийсэн. Шалгалтаар зөрчил, дутагдал илэрсэн үү гэвэл тийм. Гэхдээ яг чулуунцарын үйлдвэрийн тухайд зогсоохоос өөр аргагүй болсон юм байна гэдэг дүгнэлт мөн гарсан шүү. Тиймээс Л.Наранбаатартай хариуцлага тооцох асуудал өнөө, маргааш хөндөх асуудал биш. Өнөөдөр хүн солих эсэх асуудал чухал уу гэдгийг бид бодох ёстой. Шалгалтаар үүрэг даалгавар өгсөн. Үүргийг хэрхэн биелүүлэхийг харна” гэсэн юм.