С.Одонтуяа: Монгол шиг төгрөгийн ханшаа алдсан улс дэлхийд байхгүй

С.Одонтуяа: Монгол шиг төгрөгийн ханшаа алдсан улс дэлхийд байхгүй

  Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.10.10/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монгол Улсын эдийн засаг сүүлийн зургаан жил маш хэцүү байдалд орсон.  Хүмүүс ажил хийх сонирхолгүй, хавтгайрсан халамж хүлээж суудаг болсон. Нийгмийн халамжийн төсөв хоёр их наядаар  хэмжигдэж байна. Монгол шиг төгрөгийн ханшаа алдсан улс дэлхийд байхгүй. Өмнөх бүлгийн хурал дээр “хавтгайрсан халамжаа болих хэрэгтэй,  төгрөгийн ханшаа бариач “ гэж хэлж байсан шүү дээ.  Энэ эдийн засгийн хүнд байдлыг зөвхөн иргэд нуруун дээрээ үүрч байна. Төр бол өөрийн зарцуулах ёстой зардлаа зарцуулаад, асуудалгүй ажиллана.

Мөн эрүүл мэндийн салбар луу чиглэсэн татвар нэмэгдэж байгаа. Жишээ нь, Электрон тамхины асуудал  Байнгын хороо дээр байнга яригддаг асуудлын нэг болоод байна. Энэ  тамхины татварыг нэмэхгүй бол ард түмэн ялангуяа хүүхдүүд бол хэт их хордож байна. Үүнийг зохицуулах  хэрэгтэй гэх санал хүсэлт иргэдээс их ирсэн” гэлээ.

Харин бүлгийн дарга О.Цогтгэрэл "Халамж зорилтот бүлэгтээ очиж байна уу" гэх асуудлаар бүлгийн гишүүдийнхээ саналыг авна. Халамжаас дутахгүй аюултай зүйл нь татаас. Төрийн эдийн засагт оролцож буй далд хэлбэрийн дарамт. Жилээс жилд татаас нэмэгдэж байна. Үүнийг мөн гишүүдтэйгээ зөвлөлдөж нэгдсэн журмаар байр, сууриа хүргэх болно.

Халамж нь хүүхдийн мөнгийг оруулахгүйгээр 590 тэрбум төгрөг байгаа юм. Харин татаасын хэмжээ нь 985 тэрбум байна. Халамжаас 50 орчим хувь илүү. Татаас нь тэгш бус, замбараагүй бий болгодог. Хэн татаасаар хөнгөлөлт эдэлж, хэн чөлөөлөгдөж байгаа нь ч тодорхой бус. Тиймээс Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүнээс манай бүлэг асуулга асууж байна. 

Халамжийг оновчтой, зорилтот бүлэгт хүргэе гэж ярьдаг шигээ яг юунд татаас өгөх ёстойгоо тогтож, ойлголцох хэрэгтэй байна. Халамжийн бус татаасын эдийн засаг ноёрхож байна. Энэ нь Ардчилсан намын, баруун төв үзлийн намын хувьд чухал асуудал юм. Даргын бизнес нь татаастай, ардын бизнес нь дарамттай байгаа юм биш биз дээ. Уг асуудалд бид ажлын хэсэг гарган ажиллах болно" гэлээ. 

ҮЗЭХ: