НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Австрали улсын Засгийн газар, Стандарт, худалдааны хөгжлийн байгууллага (STDF) хамтран “Хүнсний аюулгүй байдлын Венийн олон улсын форум”-ыг Австри улсын Вена хотод энэ сарын 3-5-нд зохион байгуулав.
Форумд дэлхийн 160 гаруй орны төлөөлөгч оролцон, зайнаас аудит хийх, баталгаажуулах, эрүүл мэндийн цахим гэрчилгээ, хөндлөнгийн баталгаажуулалтын хөтөлбөр зэрэг хүнсний аюулгүй байдлыг хангах орчин үеийн шийдлийг танилцуулж хэлэлцлээ. Форумд ХХААХҮЯ-ны төлөөлөл оролцож, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын удирдлага олон улсын форумыг Монголд зохион байгуулах саналыг тавьсан юм.
ХХААХҮЯ-ны төлөөллүүд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын удирдлагатай албан уулзалт хийж, 2 талын хооронд байгуулсан “Стратегийн хамтын ажиллагааны хүрээ”-ний дагуу боловсруулж буй ажлын төлөвлөгөө, УИХ-ын тогтоолоор баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгасан ажлаас хамтарч хэрэгжүүлэхээр хэлэлцэв.
Монгол Улс НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай 1968 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж, 1985 онд тус байгууллагын гишүүн болжээ. ХХААХҮЯ 2018 оноос хамтын ажиллагааг идэвхжүүлж, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECIM)” төслийг хэрэгжүүлсэн. Одоогоор Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн хүрээнд тус байгууллагаас итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах техникийн туслалцаа аван хамтарч ажиллаж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.