Ж.Батзандан эрх мэдэлтнүүдэд нөлөөлж, зөвлөх Г.Аюулгүйдээ Хөгжлийн банкнаас "дамжуулан зээл олгуулсан" хэрэгт холбогдож, баривчлагджээ

Ж.Батзандан эрх мэдэлтнүүдэд нөлөөлж, зөвлөх Г.Аюулгүйдээ Хөгжлийн банкнаас "дамжуулан зээл олгуулсан" хэрэгт холбогдож, баривчлагджээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг АТГ-аас өчигдөр /2022.10.06/ орой АТГ-аас баривчилсан билээ. Учир нь түүний хамаарал бүхий этгээд Хөгжлийн банкнаас Капитал банкнаар дамжуулан зээлсэн 12.6 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй, улмаар тус банкийг дампууруулахад нөлөөлсөн. Мөн түүнийг зээл авахад Ж.Батзандан нөлөөлсөн зэрэг үндэслэлээр сэжигтнээр татаж баривчилсан гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Ж.Батзандангийн нэр холбогдож, улмаар саатуулагдаад буй Хөгжлийн банкнаас дамжуулан зээлсэн гэх зээлийн талаар сурвалжиллаа.

-Г.АЮУЛГҮЙГ 12,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВАХАД НЬ Ж.БАТЗАНДАН НӨЛӨӨЛСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙГАА АЖ-

Капитал банк нь Хөгжлийн банкнаас 227,9 тэрбумыг 92 зээлдэгчдэд дамжуулан зээлдүүлснээс 54 тэрбумыг аж ахуйн нэгжүүд эргэн төлөөгүйгээс Хөгжлийн банк болон Капитал банкны төлбөрийн чадвар муудахад нөлөөлсөн байна. Тиймээс АТГ-аас дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх, ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүй нь Хөгжлийн банкнаас Капитал банкаар дамжуулан 12.6 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Тодруулбал, 

  • 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр төлж дуусгана хэмээн Г.Аюулгүй нь "Азийн бамбар" ХХК гэх өөрийн эзэмшлийн компаниар дамжуулан 3 тэрбум, 
  • 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлөгдөж дуусгана хэмээн мөн компаниар дамжуулан 5.7 тэрбум төгрөг
  • 2018 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр төлөгдөх хуваарьтайгаар "Элит цамхаг" ХХК гэх мөн өөрийн эзэмшлийн компанидаа 3.9 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авсан байжээ. 

Капитал банкны зээлдэгчдийн мэдээлэл

Гэвч эдгээр зээлээ төлж барагдуулаагүй нь Капитал банкийг дампууруулж, Хөгжлийн банкны төлбөрийн чадвар муудахад нөлөөлсөн байна. Тус банк нь Хөгжлийн банканд 60 орчим тэрбум төгрөгийн өртэй байсны 10 гаруй тэрбум төгрөг нь дээрх компанийнх байсан аж. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн туслах, зөвлөх Г.Аюулгүйн "Азийн бамбар" ХХК, "Элит цамхаг" ХХК нь Хөгжлийн банканд 12.6 тэрбум төгрөгийн өрөө төлөөгүй байна.

Мөн дээрх зээлийг авах тухайн үед Ж.Батзандан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир ийнхүү АТГ-аас саатуулсан бололтой.

Харин Хөгжлийн банкнаас Капитал банкаар дамжуулан зээл авсан Г.Аюулгүйн эзэмшлийн "Азийн бамбар" ХХК нь 2020 оны аравдугаар сарын 6-ны өдөр татан буугдсан байх аж. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Харин "Элит цамхаг" ХХК нь Г.Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй, эцсийн өмчлөгчөөр тэрбээр бүртгэгджээ. 

Ташрамд өгүүлэхэд, Хөгжлийн банкны асуудлаар АТГ-т саатуулагдаад буй Ж.Батзандан нь Австрали улсад Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад өнгөрсөн хавар эх орондоо бүр мөсөн ирсэн билээ. Тэрбээр ирсэн даруйдаа мэдээлэл хийж, "Засгийн газар, УИХ-д ташуур өгөх цаг нь болсон" хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн хэдхэн хоногийн өмнө төрсөн ах болох Зам тээвэр, хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг нь саатуулах үеэр дахин гарч ирж "Ахыг нь саатуулсан нь улс төртэй холбоотой" гэдгийг мэдэгдээд байсан юм. Ямартай ч түүнийг Хөгжлийн банкны асуудлаар АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулаад байна. Мөн Г.Аюулгүй, Ж.Батзандан нар нь улс төр, бизнесийн салбарт салахгүй хамтрагчид хэмээн яригддаг байна.