Ирэх оны Улаанбаатар төсвийг энэ сарын 20-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-д өргөн барина гэж хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв.
Хотын дарга Б.Пүрэвдагва "Замын хөдөлгөөний урсгал хурд 5 км/цаг болоход "0" зогсолт болсон гэж үздэг. Гэтэл аравдугаар сарын 26-нд замын хөдөлгөөний хурд 3 км/цаг болсон. Шатахуун түгээх станцуудын орчимд замын нэг, хоёрдугаар эгнээг дамнан оочер үүссэнээр хөдөлгөөн удааширч, нийтийн тээврийн зорчилтод саад учруулсан. Нийтийн тээвэрт учирч буй асуудлыг шийдэхийн тулд 13 чиглэлд 21 автобус нэмсэн. Богино эргэлтийн зургаан шинэ чиглэл нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар паркаа шинэчилнэ. Цахилгаан 60, хүүхдийн 40, дунд болон богино эргэлтийн 50 автобус авна. 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 20-нд НИТХ-д өргөн барина. Ирэх оны төсөв нь түгжрэл, утааг бууруулах, дэд бүтцийг сайжруулах чиглэлд зориулагдана. Мөн 2027 онд их багтаамжийн тээврийг бодит болгоход үр дүн гаргахын төлөө байгаа. Одоогоор Sky Shuttle, хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх зэрэг ажил үргэлжилж байна. Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар бэлдэж байгаа. Өнгөрсөн оны статистикаар 640 мянган иргэн нийтийн тээврээр өдөр бүр үйлчлүүлж байсан бол энэ өвөл 750 мянга болж нэмэгдсэн. Иргэддээ үйлчилгээг бэлэн байлгах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээх хугацааг богиносгох шаардлагатай учраас парк шинэчлэлтийг 160 автобусаар хийж байна. Ирэх жил Энхтайваны өргөн чөлөө, эсвэл Архивын Ерөнхий Газраас 120 мянгат руу их багтаамжийн тээвэр орж ирвэл нийтийн тээврийн хүртээмж илүү сайжирч, цагаараа явах боломж бүрдэнэ. Одоогоор автобуснууд дунджаар 10-15 км/цагийн хурдтай явдаг. Үүнийг илүү хурдасгах, ирж байгаа цагийг тодорхой болгох нь чухал" гэлээ.