Москва хотод хэлмэгдүүлж цаазлуулсан 400 гаруй нь монгол угсаатны дурсгалыг хүндэтгэх гэрэлт самбар босголоо

Москва хотод хэлмэгдүүлж цаазлуулсан 400 гаруй нь монгол угсаатны дурсгалыг хүндэтгэх гэрэлт самбар босголоо

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр захирамж гаргасан.

Энэ хүрээнд ‘‘Хэлмэгдэгсдийн дурсгалын ногоон төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар шийдвэрлэж тус газарт хэлмэгдэгсдэд зориулсан гэрэлт самбар босгож өнөөдөр /2022.10.05/ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Туваан болон бусад албаны хүмүүс оролцов. 

Өмнө нь хэлмэгдсэн монгол иргэдэд зориулсан гэрэлт самбар, дурсгалын цогцолборыг Москва хотын  Коммунарка дүүрэгт  2001 онд байгуулсан. Тус цогцолборт байршуулсан хөшөөг  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, уран барималч Л.Болдын зураг төслөөр хоёр метр өндөр, 50 см өргөн хар өнгийн габро чулуун хавтангуудаар бүтээсэн байдаг.

Харин өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван захиралтай “Үүдэн чулуу” компани цагаан өнгийн боржин чулуугаар монгол хувилбараар бүтээж, эх нутагт нь  байгуулж буй  нь энэ билээ.

Ингэснээр хойд хөршид хэлмэгдсэн 249 монгол иргэний ар гэр, үр хүүхэд хэлмэгдэгсдийн дурсгалыг эх нутагтаа хүндэтгэх, дурсах орчин бүрдүүлж улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор хөнөөл, үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, өсвөр, залуу үеийг соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой аж.

Сануулахад, зөвхөн 1937-1941 онуудад гэхэд Москва хотод 60 гаруй үндэстэн, ястны 32 мянган хүнийг хилс хэргээр цаазалсан. Үүний 400 гаруй нь монгол угсаатан байжээ. Тэдний дотор Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын төр, нийгмийн зүтгэлтэн, үндэсний сэхээтэн, манлайлагчид багтсан юм. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө