Ч.Хүрэлбаатар: Засгийн газар ямар ч үнээр хамаагүй инфляцыг бууруулах арга хэмжээ авна

Ч.Хүрэлбаатар: Засгийн газар ямар ч үнээр хамаагүй инфляцыг бууруулах арга хэмжээ авна

Засгийн газрын өнөөдөр /2022.10.05/-ийн хуралдаар хэлэлцсэн валютын нөөцийн талаарх гарсан шийдвэрийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна.

Тэрбээр “Валютын нөөцийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг хоёр удаагийн Засгийн газрын  хуралдаанаар энэ талаар хэлэлцэж  өнөөдөр баталлаа. Нүүрсний амны үнэ, хилийн үнэ хоорондоо ялгаатай байдаг. Иймд бид ямар үнээр нүүрсээ зарах ёстой вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Уурхайн амнаас нэг тонныг 71 ам.доллараар, хил үнээр бол 129 ам.долларын үнэтэй байгаа. Энэ нь тээврийн улмаас үүссэн зөрүү үнэ. Тиймээс валютын нөөцөө нэмэхийн тулд цаашид нүүрсээ хил үнээр буюу 129 ам.доллараар худалдана. Мөн нүүрсний гэрээнүүдийг цахимжуулна. Бүх гэрээг бүртгэнэ. Ингэснээр уурхайн амнаас хил хүртэл нүүрс алдагддаг байдлыг бууруулна.

Энэ онд бэлтгэлээ хангаж, ирэх оноос нүүрсээ биржээр худалддаг болно. Энэ тогтолцоо руу ирэх оны эхний өдрөөс шилжинэ. Ингэснээр хулгайгаар нүүрс гаргадаг байдлыг цэгцэлнэ.

Би Сангийн сайдаар ажиллах үеэрээ хулгайгаар нүүрс гаргадгийг олж мэдсэн. Бүртгэл дээр хоосон машин хилээр гарлаа гэж бүртгэдэг. Урд хилээр нэвтрэх гэж машинууд хэдэн өдөр дугаарладаг билээ. Нүүрсний гэрээгээ бүртгүүлээгүй бол тухайн машиныг хилээр гаргахгүй.      

Засгийн газрын тогтоолд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд валютын орлого олж, нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах үүргийг мөн хүлээлгэхээр тусгалаа. Дэлхийн олон улсад инфляц өндөр хэвээр байгаа тул ямар ч үнээр хамаагүй инфляцыг бууруулах арга хэмжээ авч байна" гэв.