Хөдөө орон нутгаас ирсэн оюутан, суралцагчдыг байр түрээс, онлайн худалдаа гэх нэрийдлээр залилах үйлдэл нэмэгджээ /ВИДЕО/

Хөдөө орон нутгаас ирсэн оюутан, суралцагчдыг байр түрээс, онлайн худалдаа гэх нэрийдлээр залилах үйлдэл нэмэгджээ /ВИДЕО/

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2022 оны есдүгээр сарын байдлаар 2,294 хэрэгт хяналт тавьсан талаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Төгөлдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хяналт тавин шалгасан хэргийн 848 нь залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 327 тохиолдол нь цахим залилангийн  хэрэг байгаа юм. 2021, 2022 оны эхний хагас жилийн цахим залилангийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалсан.

Судалгааны дүнгээс харахад, цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах гэмт хэргийн гаралтыг тухайн жилийн бусад саруудтай харьцуулахад 8, 9, 10 дугаар сард 4-5 дахин нэмэгдэж байна.

Дээрх саруудад ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудын үйл ажиллагаа эхэлдэг. Улмаар хөдөө орон нутгаас нийслэл рүү ирэх иргэдийн хөдөлгөөн нэмэгддэгтэй холбоотой" гэсэн юм. 

Мөн Баянзүрх дүүрэгт цахим гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувиар өссөн. Цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах хэргийн 147 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 81 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж. 

Энэ талаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оюунбат “Иргэдийн итгэл дээр дөрөөлж хохироох, залилах, эд материалын болон сэтгэл санааны хохирол учруулах үйлдлийн арга оролцоо удаан хугацаанд хадгалагдаж байна. Ингэхдээ онлайн худалдааг ашиглаж иргэдийн бараа захиалгын урьдчилгаа төлбөрийн дансаар шилжүүлэн авч залилах, Байр түрээс буюу Unegui.mn сайтыг гол хэрэгсэл болгон ашиглаж, иргэдийн түрээсийн урьдчилгаа төлбөрийг дансаар шилжүүлэн авч залилах, Цахим хаягаар нь нэвтэрч тухайн иргэний ойрын хүрээллийн гишүүдэд нь "мөнгө зээлээч" гэх чат илгээж, улмаар дансаар шилжүүлэн авах  хэрэг их гарч байна” гэлээ.

ВИДЕО: