УИХ-ын 2022 оны намрын чуулган өчигдөр /2022.10.03/ нээлтээ хийсэн. Энэ удаагийн чуулганаар 64 хуулийн төслийг хэлэлцэн батална гэж мэдэгдсэн. Тухайлбал, нийтийн тээврийг Монголд импортоор оруулж ирэхэд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцэх ажээ.
-ИРЭХ ОНД 856 АВТОБУС, ТРОЛЛЕЙБУС ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ХАСАГДАНА-
Тухайлбал, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах ажилд өнгөрсөн жил 420 тэрбумыг зарцуулсан бол ирэх жил ч мөн энэ хэмжээний хөрөнгийг зарлагадана гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Тус мөнгөөр нийтийн тээврийн шинэчлэл, гэрэл дохио уулзваруудыг шинэчлэх, авто замыг сайжруулах зэрэг ажлыг хийнэ гэж Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар хэлсэн.
Улаанбаатар хотын Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гаргасан мэдээллээр 2022 оны эхний сарын байдлаар орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн нийт 19 хуулийн этгээд 134 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын бүртгэлд тус компаниудад бүртгэлтэй нийт 1240 тээврийн хэрэгсэл байгаагаас 2022 оны хоёрдугаар сарын байдлаар технизийн бэлэн байдлын хувьд тогтмол 985 тээврийн хэрэгсэл зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Харин 2022-2023 онд Монгол улсын хэмжээнд 856 автобус, троллейбус үйлчилгээнээс хасагдахаар байгаа аж. Иймд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, шинэ автобусны тоог нэмэгдүүлж үйлчилгээнд оруулах нь Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар ярьж байгаа.
Иймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор импортын 24 болон түүнээс дээш суудалтай 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ атобусыг импортын барааны Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсвлийг боловсруулжээ.
Түүнчлэн нийтийн тээврээр зорчих эрхийг ажилтандаа олгосон аж ахуй нэгжид татварын дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал, нийтийн тээврээр зорчих тасалбар, зорчих эрхийг бэлэн мөнгөнөөс бусад хэлбэрээр ажилчдадаа олгосон аж ахуйн нэгжүүдэд холбогдон гарсан зардлыг 50 хувиар нэмэгдүүлж татвар ногдох орлогоос хасагдуулж тооцох юм байна.