УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийлээ. Намрын чуулганы хугацаанд Боомт хариуцсан Шадар сайдаас гадна Эрүүл мэнд, Барилга хот байгуулалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг томилж магадгүй гэх мэдээлэл бий.
Ингэхдээ гурван сайдыг нь АН-д өгөх тохироо хийсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд удаан хугацаанд яригдсан. Тус мэдээлэлтэй холбоотойгоор Засгийн газраас санал тавьсан эсэхийг сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад тэрбээр "Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор нэг ч санал АН-д тавиагүй.МАН 62 суудалтай Засгийн газрын эрхийг барьж буй улс төрийн хүчин. Энэ утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой гэсэн зарчмын байр суурийг бүх түвшинд ярьдаг" гэлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгнээс анзаарвал "Албан ёсоор санал тавиагүй" гэх. Албан ёсоор буюу албан бичгээр асуудлыг тавьж хоёр талаасаа зөвшилцөөгүй ч албан бусаар яригдаж, асуудал хөндөгдсөнийг АН-ынхан хэлсэн билээ. Улмаар АН-ынхан дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байгаа учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдэнтэй уулзаж албан ёсоор саналаа тавьж чадахгүй байгаа гэх.
Учир нь Засгийн газарт орох асуудлаар АН-ын бүлгийн гишүүд хоёр хуваагдан санал зөрөлдөөд байгааг эх сурвалжууд хэлж байгаа юм.