Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгийг 80 хувь хүртэл буулгах ёстой гэж би хувьдаа бодож байна

Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгийг 80 хувь хүртэл буулгах ёстой гэж би хувьдаа бодож байна

УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийлээ. Үргэлжлүүлэн намын бүлгүүд хуралдсан. Тэгвэл МАН-ын бүлгээс ямар асуудал хэлэлцсэн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Намын дарга Л.Оюун-Эрдэнэ улс орны гадаад, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Мөн ирээдүйд улс орнуудад үүсч мэдэх нөхцөл байдлыг танилцууллаа. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлаар бүлгийн даргын хувиар би мэдээлэл өгсөн. Төсөв, мөнгөний бодлогыг нэлээн сайн уялдуулж хэлэлцэхгүй хүндрэлтэй байгаа. Ойрын үед УИХ-аас хоёр ажлын хэсэг байгуулагдана. Нэг нь төсвийн нөгөө нь мөнгөний бодлогын ажлын хэсэг. Энэ пүрэв, баасан гаригт дээрх асуудлыг хамтатган ярина. Тэгээд сар гаруй хугацаанд хэлэлцээд арваннэгдүгээр сарын 10-ны үед батална. 

Төсвийн төслөөр гишүүдийнхээ саналыг сонсоё. Байнгын хороодоор хэлэлцүүлж, ажлын хэсэг дээрээ ярих гэж байна. Ингээд энэ сарын 20-ны үеийн бүлгийн хурлаараа төсвийн хуулийг хэлэлцэнэ. Тэр үед бүлгийн байр, суурь тодорхой болно. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтыг зогсоосныг зөв гэж бодож байна. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгө олгох хувийг арай л бага хувиар багасгасан байна. Хүүхдийн мөнгийг 90 хувь биш 80 хувь болтол буулгах ёстой гэж би хувьдаа бодож байна. Ингэж байж ажиллах хүчийг дэмжих ёстой. Гуравдугаарт, Экспортоо нэмэгдүүлж валютын нөөц бүрдүүлэх нь хамгийн чухал. Нэг дугаарт эх орны эрх ашиг чухал" гэлээ.