С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монголын төр, нийгмийн 20 дугаар зууны нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан одоогоос 24 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан юм. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг.

Өнөөдөр /2022.10.02/ Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын Дэд дарга Ш.Түвдэндорж, Ардчилсан намын Дэд дарга Д.Бадарсан, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа болон Ардчилсан ахмадын холбоо, МоАХ-ын анхдагчид, АН-ын гишүүд дэмжигчид ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Мөн ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэн ХҮН жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөж, Монголын ардчиллын үнэ цэнийг эргэн дурсдаг юм. Түүний бидэнд үлдээсэн өв, эрх ашгийн эрэмбэ, ардчилсан эрх чөлөөт Монгол улсыг байгуулах үйл хэргийг өнөө үеийхэн бид үргэлжлүүлж, дараа үедээ нэр төртэй хүлээлгэн өгөх болно" хэмээн цахим хуудаснаа бичжээ.