Орос улсад зарласан цэргийн дайчилгаанаас зугтсан иргэд Монгол, Гүрж, Казахстан зэрэг улсад ихээр ирж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээлж буй. Тэгвэл өнгөрсөн шөнө 00:30 цагт /2022.09.25/ ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт /дагз/ алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, ОХУ-ын иргэн Д нь есдүгээр сарын 22-23 /2022.09.22-23/-ны өдөр Монгол улсын хилээр нэвтрэхдээ манай улсын иргэн А-тай танилцаж улмаар "гэрт нь түрээс төлж амьдрах"-аар тохирчээ. Д, А нар ийнхүү нэг гэрт амьдарч эхэлсэн бөгөөд тэд нэг байранд амьдрах Г-ийн гэрт орж согтууруулах ундааны зүйлийг хувааж хэрэглэжээ. Улмаар ОХУ-ын иргэн Д, Монгол улсын иргэн Г нар маргалдсаны улмаас дээрх хэрэг гарчээ. Хэрэг гарсан даруйд ОХУ-ын иргэн Д нь цагдаад өөрөө дуудлага өгчээ. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.