Х.Бадамсүрэнг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилохоос татгалзаж, ЗГ захирамжаа “албажуулалгүй” орхижээ

Х.Бадамсүрэнг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилохоос татгалзаж, ЗГ захирамжаа “албажуулалгүй” орхижээ

Наймдугаар сарын 31 /2022.08.31/-ны өдрийн Засгийн газар /ЗГ/-ын ээлжит хурлаар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг тус албан тушаалаас чөлөөлж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/-ын албан тушаалд сэлгэн томилохоор шийдвэрлэсэн” гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдэгдсэн.

Тодруулбал, Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн захирлаас нь чөлөөлж түүний оронд Г.Ёндонг томилсон бол, харин УУХҮЯ-ны ТНБД Г.Нандинжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Х.Бадамсүрэнг томилохоор шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл УУХҮЯ-ны ТНБД-аар Х.Бадамсүрэнг томилох Засгийн газрын захирамж “албажаагүй” бөгөөд түүнийг тус албан тушаалд томилох шийдвэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цуцалжээ. 

Учир нь түүнийг тус албан тушаалд томилно гэсэн мэдээллийн дараа МАН-ын зарим гишүүд болоод иргэдийн зүгээс “Х.Бадамсүрэн тэтгэвэртээ суух нас нь болсон. Түүнийг тэтгэвэрт нь гарга” гэсэн шүүмжлэл гарсан байна. Иймд түүнийг УУХҮЯ-ны ТНБД-аар томилох захирамжаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албажуулж, гарын үсэг зуралгүй орхижээ. Товчхондоо, УУХҮЯ өнөөдрийн байдлаар Төрийн нарийн бичиг даргагүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Харин Х.Бадамсүрэн нь өдгөө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группийн дарга гэсэн ганц албан тушаалаа хашиж байгаа аж. Учир нь төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийг группийн түвшинд ажиллуулах Засгийн газрын шийдвэр гарсан тул “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Силвэр ресурс” зэрэг төрийн компаниудын хамруулсан Зэс, металлын групп гэсэн бүтцийг бий болгож Х.Бадамсүрэнг даргаар нь долдугаар сар /2022.07.06/-д томилсон байдаг.

 




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө