АН-ын дараагийн ДАРГА хэн бэ

АН-ын дараагийн ДАРГА хэн бэ

С.Эрдэнэ саяхан “АН-ын даргад бэлтгэгдсэн лидерээ гаргаад ир. Би дуртайяа АН-ын даргын ажлаа өгье. М.Тулгат миний бодсон лидер биш юм байна гэж харагдаж байгаа. Энэ намын тамгыг хүлээн зөвшөөрөгдөөгүй хэн нэгэнд өгөх юм бол өгсөн цагаас эхлэн улс төрийн наймаа явагдана. Би нас харгалзахгүй АН-ыг нийгэмд манлайлаад явах лидер гарч ирвэл өгнө” гэж мэдэгджээ.

ВИДЕО:

Түүний яриагаар бол, “АН-ын даргаар заавал залуу хүн биш харин намын тамгаа хэн нэгэнд зарчихгүй лидер байх ёстой” аж. Тэгвэл АН-ын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Баярцогт, Х.Тэмүүжин, залуучуудаас Ө.Шижир, М.Тулгат, Ч.Өнөрбаяр нар яригдаж байж магадгүй байна. Хамгийн чухал нь АН-ын шинэ дарга “эв нэгдэл”-ийг хангагч байх ёстой аж.

-ТУРШЛАГАТАЙ-

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нарын хувьд 2020 онд УИХ-д анх сонгогдсон, том улс төрдөө “шинэ” гишүүд гэж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2011 оныг хүртэл ТЭСО ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад, 2012 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход нь түүний зөвлөхөөр томилогдож, улмаар 2015онд Увс аймгийн АН-ын дарга болж байв. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хувьд 2000-2017 оны хугацаанд Сүхбаатар аймгийн АН-ын дарга, 2008-2016 оны хугацаанд тус аймгийн Засаг даргын албан тушаалыг хашжээ.

Мөн УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Баярцогт, Х.Тэмүүжин нар АН-ын дараагийн даргад яригдах нь зүйн хэрэг юм.

Учир нь тэдний хувьд “том улс төр” үзсэн, туршлагаараа арай илүү эрхмүүд гэж болно. Тодруулбал, Х.Баярцогтын хувьд 1996-2016 оны хугацаанд дөрвөн удаа УИХ-д сонгогдсон, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаалыг хашиж явсан нэгэн. Харин Х.Тэмүүжиний хувьд 2008-2016 оны хугацаанд хоёр удаа УИХ-д сонгогдож, Хууль зүйн сайдын албыг хашсан АН-ын лидерүүдийн нэг. Иймд энэ хоёр эрхэм АН-ын гишүүдийг “эв нэгдэл”-ийг хангаж чадна гэдэгт бас итгэж болох эрхмүүд.

-АН-ЫН ЗАЛУУ ҮЕ-

Харин нөгөө талд АН-ын 80 оны төлөөлөл Ө.Шижир, М.Тулгат, Ч.Өнөрбаяр нарын залуучууд тус намын даргад яригдаж болно. Харин тэдний хувьд улс төрийн том намыг аваад явахад туршлага дутна. Нөгөөтэй тэд АН-ын нэг лидерээр овоглодог тул тэднийг “хардаж, сэрдэх” явдал бий. Тухайлбал, М.Тулгатыг Ардчилсан хүчний холбоо ТТБ, Шонхор фракцын З.Энхболд нарын хүн гэж зарим нь хардаг бол, Ө.Шижирийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төлөөлөл гэх нь бий. Харин Ч.Өнөрбаярыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн гэж нь харддаг ажээ. Учир нь Ерөнхийлөгчийн албан тушаалыг Х.Баттулга хашиж байхад Ө.Шижир ЕТГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд өдгөө АН-ын даргын маргаанд Х.Баттулгыг төлөөлж буй.

Сонирхуулахад, АН-ын даргыг нийт гишүүдийн саналаар сонгодог байсныг өөрчилж, тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны нийт гишүүдийн олонхын саналаар намын даргаа сонгоод, намынхаа Их хурлаар батламжилдаг болж дүрмээ өөрчилсөн гэх мэдээлэл байна. 

Таны бодлоор АН-ын дараагийн ДАРГА хэн бэ?

Нийт: 95 саналтай